Сайншанд сум шинэ спорт цогцолбортой боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-06-18 14:53:30

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд суманд өрнөж буй зарим бүтээн байгуулалтын ажлаас тоймлон хүргэе.

Сайншанд хотод улсын хэмжээнд спортын уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой, орчин үеийн техникийн шаардлага хангасан спорт цогцолборыг улсын төсвийн 5,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Болор Аграмба" ХХК гүйцэтгэж ашиглалтад орууллаа.

Олимпын болон багийн, үндэсний, оюуны, тулааны спорт зэрэг бүхий л төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах заал, бэлтгэлийн танхимуудаас гадна сагсан бөмбөгийн стандарт талбай, үзэгчдийн суудал, волейболын талбай бий. Мөн шагайн харвааны бэлтгэлийн танхим, фитнесийн заал, хурлын өрөө, оффис, ариун цэврийн өрөө, душ, эрэгтэй, эмэгтэй саун, зоогийн газар, автомашины гарааш, 200 автомашины зогсоол, иж бүрэн HD камержуулалт зэрэг олон зүйлсийг нэг дор багтаасан байна.

 

Данзанваанчигийн долдугаар хэсэгт шинэ цэцэрлэг барьж байна


Арабын Нэгдсэн Эмират улсын хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын нэгдүгээр багт 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьж байна. Барилгын  ажлыг “АТТА ЧР” ХХК гүйцэтгэж буй бөгөөд ажлын гүйцэтгэл 60 хувьтай.

Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор төвөөс алслагдсан Данзанваанчигийн долдугаар хэсэгт амьдарч буй гэр хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойрхон цэцэрлэгт явах боломж бүрдэнэ.


Гэр хорооллын гэрэлтүүлгийг засварлаж  байна


Сайншанд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 124,2 сая төгрөгийн төсөвт өртгөөр сумын төвийн бүх багийн хэмжээнд гэр хорооллын гудамж дагуух гэрэлтүүлгийн толгойг засварлаж шинэчлэх ажлыг "Уртын уул" ХХК гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл 50 хувьтай байгаа аж.

Харин аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 50,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёрдугаар багийн Дэнжийн гудамж, 11 дүгээр хэсгийн нийтийн эзэмшлийн талбайд авто машины зогсоол байгуулах ажлын гүйцэтгэгчээр "Дэлгэр баясах зам" ХХК ажиллаж байна гэж Сайншанд сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Нийт 348 сая төгрөгийн зургаан төсөл хэрэгжүүлэхээр баталжээ


Сайншанд сумын хэмжээнд 2020 онд ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар нийт 348 сая төгрөгийн зургаан төсөл хэрэгжүүлэхээр баталжээ.

Үүнээс гэр хорооллын гэрэлтүүлгийн толгой солих, хуучин гэрэлтүүлэг сольж суурилуулах, өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор автомашин худалдан авах, төв цэцэрлэгт хүрээлэнд сүүдрэвч барих, Зүүнбаян тосгоны ундны усны эх үүсвэрийг цахилгааны  нөөц үүсвэртэй болгох зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Харин Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2017-2019 он хүртэл 54 төсөлд 761.6 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон бөгөөд 49 төсөл хэрэгжсэнээс гүйцэтгэл 90.7 хувьтай, нийт 157 ажлын байр бий болсон байна.


Холбоотой мэдээ