Голд машин угаасан иргэнийг 100,000 төгрөгөөр торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-22 19:35:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туул, Улиастай, Сэлбэ зэрэг голын эрэг орчмоор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс ЦЕГ, Экологийн цагдаагийн алба /ЭЦА/-наас өдөр бүр хяналт шалгалт явуулж байна. Өчигдрийн хувьд, усны сан дагуух газар хог хаясан, тээврийн хэрэгслээ голд угаасан 10 зөрчил илрүүлэн, зөрчлийн хуулийн хүрээнд арга хэмжээ авчээ.


Мөн голын ойр орчимд шил лааз, хуванцар сав, ариун цэврийн цаас, хүүхдийн живх гэх мэт ахуйн хог хаягдал их байжээ. Эдгээрийн 40 хувийг дахин боловсруулах боломжтой тул иргэдийг хогоо ялган хаяхыг  дээрх байгууллагуудаас уриаллаа.


Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, манай улсад жилд дунджаар 52 мянган хүүхэд төрж байна. Нэг хүүхэд хоёр нас хүртлээ дунджаар 2000-8000 ширхэг живх хэрэглэдэг гэж тооцвол, жилд 200-400 сая живх хог хаягдал болдог байна. Хүүхдийн живх ойролцоогоор 100 жил болж байж хөрсөнд шингэдэг гэсэн судалгааг байгаль хамгаалагчид гаргасан байдаг.


Усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан иргэдийг зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй байдаг.


Б.Мандуул

Холбоотой мэдээ