ХХЕГ-ын дарга энэ оны есдүгээр сард ОХУ-д айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-22 13:14:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХЕГ-ын удирдлага, өөрийн сонсогчдыг ОХУ-аас нутагтаа ирэх үед халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын хувцас авах мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн байна.


Хил хамгаалах байгууллагын захиалгаар ОХУ-ын БХЯ-ны цэргийн академи, сургуулиудад болон ХАБА-ны Хилийн академи, дээд сургуульд суралцаж буй сонсогч нар бүгд эх орондоо ирсэн байна. Тэднээс халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй аж.


ХХЕГ-ын дарга 2020 оны есдүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөөд байгаа гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга, Хилийн албан ёсны төлөөлөгч, хурандаа Ч.Дэлэг онцлов.


Мөн Монгол Улсын Хил хамгаалах байгууллага, ОХУ-ын ХАБА-ны Хилийн алба хооронд 2017-2020 онд хамтран ажиллах гэрээ дуусгавар болж байгаа бөгөөд 2021-2024 онд хамтран ажиллах гэрээг байгуулах бэлтгэл ажлыг хангах, албан хаагчдыг сургах гэрээнд орох нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталгаажуулах ажлууд байгаа юм байна.


Ташрамд дуулгахад, Хил хамгаалах байгууллагын албан хаагчдыг ОХУ-ын цэргийн академи, дээд сургуульд суралцуулах талаар хоёр байгууллагын хооронд хийсэн гэрээний дагуу манай сонсогч нар ОХУ-д суралцдаг. Харин өнгөрсөн жилээс эхлэн уг гэрээнд тодотгол оруулах талаар ажиллаж байгаа бөгөөд тодотгол оруулсан тохиолдолд манай сонсогч нар ОХУ-ын курсантуудын нэг адил хангамж авах боломжтой болох аж. ХХЕГ-ын дарга Ялалтын баярын үеэр ОХУ-д албан ёсны айлчлал хийх, айлчлалын үеэр уг гэрээнд гарын үсэг зурах байсан ч коронавирусний халдвар гарснаас болж хойшилжээ. Гэхдээ цахим хэлбэрээр хоёр тал хоорондоо гэрээг солилцож, гарын үсэг зурахаар ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ