“Мөнгөн хийц” алт, мөнгөний дархан мөрөөдлийг тань урлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-26 11:17:52

Хэнтий /МОНЦАМЭ/ Монголчуудын өв соёлын нэгэн хэсэг нь үеэс үед өвлөн уламжилж, бүтээн туурвиж ирсэн бурхан ухаантай дархчуудын ховор нандин бүтээлүүд билээ.

Дархчууд өдөр тутмын ахуйн хэрэглээний зүйлсийг хийхээс гадна урлагийн бүтээл болохуйц үнэ цэнтэй бүтээлүүдийг туурвисаар ирсэн. Энэ нандин урлалаар бэлэг дурсгалын төдийгүй орчин үетэйгээ хөл нийлүүлэн эд хэрэглэл, гоёл чимэглэл, ахуйн хэрэглээний зүйлүүдийг бүтээж буй Боролзойгийн Амарсанааг дэмжих, сайшаах, талархах хүмүүс олон.

Хэрлэн сумын тавдугаар багийн иргэн Б.Амарсанаа 20 гаруй жил алт, мөнгөн эдлэл хийж байна. Түүнийг мэддэг, таньдаг хүмүүс захиалга өгөх нь элбэг. Чанартай, сайхан хийцтэй бүтээлүүдээрээ тэр хэдийнэ ард иргэд, орон нутгийн байгууллагуудын талархлыг хүлээн танигдсан. Хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн багаж, тоног төхөөрөмжөө сайжруулахаар Багийн төвөөсөө мэдээлэл авсны дагуу ХХҮГ-т ханджээ. Түүний хүсэлтийг ХХҮГ-аас дэмжин, Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт оролцохыг санал болгосон байна. Б.Амарсанаа “Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл” сургалтад суун өөрийн төслөө бичиж, орлого, зарлагаа тооцож, зарцуулалт, борлуулалтын санхүүгийн мэдлэгтэй болсон төдийгүй 5 сая төгрөгийн хүүгүй зээлд хамрагджээ. Төслийн дэмжлэгээ багаж, тоног төхөөрөмж авахад зориулжээ.

“Мөнгөн хийц” алт, мөнгөний дархны газар нь ихэвчлэн захиалгаар алт, мөнгөн эдлэл хийдэг. Тэрээр нэг туслах ажилчинтай. Ачаалал ихтэй үедээ туслах ажилчинтайгаа хамтран ажиллаж, заримдаа захиалгаар хөдөө сумд руу явдаг аж. Зүтгэл гаргаж урласан бүтээл нь эзнээ чимж, эд нь хэрэглэл болж явахыг харах нь түүний бахархал.

Өв соёлоо түгээн дэлгэрүүлэх уран үйлийг орон нутагтаа бүтээж, үе улиран хэрэглэх нандин урлалыг бүтээж байгаа Боролзойгийн Амарсанаа таны үйл арвин, үзэмж төгс байх болтугай.


Холбоотой мэдээ