Архангай аймгийн таван хэсгийн хороонд хийсэн хяналтын тооллогод зөрүү гараагүй

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-06-29 09:57:59

Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог, Архангай аймагт бие даан нэр дэвшсэн Р.Бадмаанямбуугийн гомдлын дагуу аймгийн 105 хэсгийн хорооноос хяналтын тооллого хийгээгүй 57 хэсгийн хороонд сугалаагаар сонголт хийж, нэмэлт хяналтын тооллогыг энэ сарын 28-ны өдөр явуулж дууслаа.

Сугалаагаар аймгийн таван хэсгийн хороо буюу Өлзийт сумын Ямаат баг 38-р хэсгийн хороо, Батцэнгэл сумын Дайр бор баг 17-р хэсгийн хороо, Өндөр-Улаан сумын Азарга баг 42-р хэсгийн хороо, Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 3-р хэсгийн хороо, Хотонт сумын Орхон баг 78-р хэсгийн хороо гэсэн таван хэсгийн хороог сонгон тоолжээ.

Хяналтын тооллогын дүн санал тоолох төхөөрөмжийн дүнтэй зөрөөгүй байна. Хяналтын тооллогод намууд, бие даан нэр дэвшигчдийн нийт 18 ажиглагч оролцож ажиглажээ.

Хяналтын тооллогыг өдрийн 15:30 цагт эхлүүлж, 22:30 цагт дуусгасан ба нийт 100 гаруй төрийн албан хаагч ажилласан байна. 

Холбоотой мэдээ