УИХ-ын анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч Х.Баттулга нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн шинэ парламентын анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд хамгийн олон саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдож буй 76 гишүүнд баяр хүргэж амжилт хүсэв. Тэрбээр, "Улс орны нийгэм, эдийн засгийн олон бэрхшээл шийдлээ хүлээж байна. Цаг алдалгүй шуурхай зөв шийдвэр гаргах хариуцлагатай цаг үед та бүхэн хууль тогтоогч боллоо. Ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай ажиллаж иргэдийн боломжийг хулгайлах бус иргэддээ үйлчлэх, илүү их боломжоор хангахын тулд ажиллах ёстойг сануулж байна. Учир нь өмнөх парламентын гишүүд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээддээ их хэмжээний зээл авсан. Хүний амь хөнөөсөн, газрын баялгийн лиценз хууль бусаар авсан гэх ёс зүйгүй асуудалд гишүүд нэр холбогдож хууль тогтоох дээд байгууллагын нэр хүндийг унагаж байлаа.
УИХ-ын 27 гишүүн хамаарал бүхий этгээддээ 1170 тендер авсан нь тогтоогдсон. 2004-2016 онд нарийвчилсан тоогоор 42 гишүүн 1 буюу түүнээс дээш лицензийг өөрсдийн хамаарал бүхий этгээдэд эзэмшүүлж байсан, эзэмшиж байгаад бусдад шилжүүлсэн байна. Өмнөх парламентын 18 гишүүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан. Энэ нь УИХ-д хоёр ч бүлэг байгуулах хэмжээний тоо юм. Гишүүдэд хамаарах тусгай зөвшөөрлийн тоо 230 буюу дунджаар нэг гишүүнд 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжид ногдох улсын дунджаас 3.5 дахин их байна гэсэн үг. Ийм зарчимгүй үйлдэл та бүхнээс гарах ёсгүй. Та бүхэн иргэдэд үйлчлэх ёстой болохоос тэдний итгэлээр далимдуулан өөрсдийн хөрөнгө орлогоо тэрбум тэрбумаар өсгөгч биш юм" хэмээв.
Мөн тэрбээр, УИХ-ын сонгуульд өрсөлдсөн 606 хүнээс 27 нь 31 гэмт хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж байгааг дурдаад, үүнд СЕХ шүүлтүүртэй хандаагүй, үүргээ биелүүлээгүй хэмээн шүүмжилж, удирдлагыг нь нэн даруй огцрох өргөдлөө өгөхийг шаардав.
Түүнчлэн УИХ-ын сонгуульд 62 суудал авч олонхыг бүрдүүлж буй МАН-д өмнөх 4 жил, ирэх 4 жил буюу нийт 8 жил засаглах болсныг нь тэмдэглээд, өнгөрсөн рүү бурууг чихэж хариуцлагаас зайлсхийх эрхгүй боллоо хэмээн тодотголоо. Тэрбээр, "Олонх болсондоо эрдэлгүй, цөөнхийн саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон Монгол Улсын тулгараад буй эдийн засгийн хямралыг даван туулах, иргэдийн амьжиргааг доройтуулахгүй, ажлын байрыг хадгалах оновчтой шийдвэр гаргахыг ард олон хүсэж та бүхэнд итгэл хүлээлгэснийг битгий мартаарай" гэлээ.
Харин сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх АН-ын бүлэг парламентын хяналтыг хариуцлагатай явуулж сөргөлдөж талцахаас илүүтэй ойлголцох хамтрах чиглэлийг баримталж ажиллахыг хүслээ. Цар тахлын улмаас эдийн засаг хүндрээд буй энэ нөхцөлд экспортын орлогыг нэмэгдүүлэхэд бүхнийг зориулах хэрэгтэйг онцоллоо. Маш их хэмжээний экспортын орлого нь эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулахад тусална хэмээн цохон тэмдэглэв.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.