Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-07-01 15:09:17

ОТТАВА. /TASS/. Канад, Мексик, АНУ-ын худалдааны шинэ хэлэлцээр “USMCA” /The Agreement between the United States of America, the United Mexican States, and Canada/ лхагва гаргаас хэрэгжиж эхэллээ.


Шинэ хэлэлцээрийг гурван улсын удирдагчид 2018 оны 11 дүгээр сард Буэнос-Айрест болсон “G20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулжээ. Уг гэрээ нь 1994 оноос хойш хэрэгжиж байсан “NAFTA” буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг орлох юм. Энэхүү хэлэлцээрийг шинээр байгуулах санаачилгыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш хуучин гэрээг “маш муу” хэмээн шүүмжилж байв. Америкийн талд ашиггүй уг гэрээний улмаас Мексикээс хямд ажиллах хүч орж ирж, олон үйлдвэрийг тус улсын нутаг дэвсгэр рүү шилжүүлснээс АНУ-д ажлын байр багасаж, цалин буурахад хүрсэн гэж тэрбээр үзэж байгаа юм.


“USMCA” хэлэлцээр нь жилдээ 1.5 их наяд ам.долларын эргэлттэй, дэлхийн хамгийн том зах зээлийн худалдааны журмыг зохицуулна.


Гол өөрчлөлт

Шинэ хэлэлцээрт оруулсан гол заалтууд нь автомашин, сүүн бүтээгдэхүүн болон төмөрлөгийн үйлдвэрийн салбартай холбоотой байна. Одооноос эхлэн автомашины үйлдвэрлэлд ашигладаг ган, хөнгөн цагаан, шилний дор хаяж 70 хувийг Хойд Америкт үйлдвэрлэх ёстой. Канад, Мексикт тээврийн хэрэгслийг үйлдвэрлэх квотыг ихээхэн нэмэгдүүлж, жилд 1.8 сая нэгжээс 2.6 сая нэгжид хүргэжээ. Мөн автомашины 40 хувь, ачааны машины 45 хувийг угсрах ажилчдын дундаж цалин нэг цагт 16 ам.доллароос буулгахгүй байхаар тусгасан байна.


АНУ, Канадын хооронд хийсэн хамгийн хэцүү хэлэлцээний нэг нь сүүний салбартай холбоотой байв. Америкчууд эцэст нь  Канадын сүүний зах зээлд 3.6 хувийн татваргүй нэвтрэх эрхтэй болсон бөгөөд мөн Канад руу ариутгасан сүү нийлүүлэхэд үйлчилж байсан хязгаарлалтуудыг цуцалж чаджээ. Энэ нь Канадын фермерүүдийн дургүйцлийг төрүүлсэн байна.


Түүнчлэн оюуны өмчийг хамгаалахтай холбоотой гэрээний зүйл заалтыг өөрчилсөн байна. Тухайлбал, зохиогч нь нас барснаас хойш зохиогчийн эрхийн хугацааг 50 жилээс 70 болгож нэмэгдүүлжээ. Үүнээс гадна, татвар ногдуулдаггүй онлайн худалдан авалтын хамгийн доод хэмжээг нэмэгдүүлсэн байна.


Холбоотой мэдээ