Б.Даринчулуун: Монголоор огт ярилгүй Куба оронд 7-8 сар амьдарсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-07-03 09:50:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Куба улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан алс холын Америк тивд орших арлын Куба улсад суралцаж эрдэм мэдлэг, боловсрол, мэргэжил эзэмшсэн тоотой хэдхэн монголчууд өнөөдөр эх орондоо амжилттай ажиллаж байгаа бөгөөд тэдний төлөөлөлтэй хийсэн цуврал сурвалжлага, ярилцлагыг montsame.mn сайт толилуулж байгаа юм.


Энэ хүмүүсийн нэг болох Куба улсад 2008-2014 онд Хавана хотын Фидель Кастрогийн нэрэмжит Олон улсын биеийн тамирын дээд сургуульд 6 жил суралцаж, мэргэжил эзэмшээд, өдгөө ДЦС-4 ТӨХК-ийн волейболын “Эрчим” клубын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа Батболдын Даринчулуунтай уулзаж Куба орон, түүний төгссөн сургууль болон куба хүмүүсийн аж амьдралын талаар түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна. 


-Та өөрийгөө танилцуулаад, Куба улсад мэргэжил эзэмшсэн талаараа ярина уу?


-Би Булган аймгийн Рашаант суманд 1989 онд төрсөн. Сумын 10 жилийн сургуулийг 1997-2007 онд суралцаж төгсөөд МУБИС-ийн харьяа БТДС-д элссэн. Улмаар I дамжааг дүүргээд голч дүн, ур чадвар биеийн ерөнхий хөгжлийн шалгалт өгч гадаадад суралцахаар болж 2008 оны намар Засгийн газрын тэтгэлэгээр Куба улсад сурах эрх авсан.


-Куба улсад 2008 онд эх орноосоо хэдүүлээ очиж байв?


-Тавуулаа очсоноос 1 нь хувийн шалтгаанаар буцсан. Хоёр эрэгтэй нь биеийн тамирын сургуульд, харин 2 эмэгтэй хүүхэд шүдний эмч, мал аж ахуй, анагаахын чиглэлээр сурахаар очиж байсан. “Бээжин 2008” зуны олимпын үеэр Улаанбаатараас Бээжин хүртэл галт тэргээр явсан. Эх орноосоо Хятад руу явахын урд орой жүдоч Н.Түвшинбаяр олимпийн аварга болж байлаа. Тэгээд бид Бээжин хотод буудалд 2 хоноод, Москва руу ниссэн. Тэндээс Куба руу шууд нислэгээр олон цаг нисч Хавана хотноо очсон. Биднийг очиход манай сургуулийн Гадаад харилцаа хариуцсан захирал нь, нэг монгол оюутны хамт тосож авсан. Би нэг хүүтэй хамт Кубын Фидель Кастрогийн нэрэмжит Олон улсын биеийн тамирын дээд сургуульд сурч буй 9, 10 дахь монгол оюутнууд болж байлаа.


-Куба орны тухай анхны сэтгэгдлээ дурсана уу?


-Кубачууд сайхан сэтгэлтэй, чин сэтгэлээсээ хүнд тусалж чаддаг хүмүүс. Биднийг манай орноос огт өөр чийглэг дулаан уур амьсгал угтсан. Сургуулийн байрны цонх, шахмал модон ор, ширээ, сандал зэрэг нь анх очиход содон, сонин санагдсан учраас анх хаана хүрээд ирэв дээ л гэж бодсон. Харин тухайн үед Кубад холбоо харилцаа их дутмаг байсан, би 11 сар хүртэл ар гэртэйгээ холбогдож чадаагүй. Холбооны газар дээр очиж л Монголтой холбогдох боломж гарсан. Кубад гар утас 2011 оноос л дөнгөж нэвтэрсэн. Монголоос 2009, 2010 онд ирсэн хүүхдүүд MOTOROLA утастай очиход л од болж байлаа. Куба ихэвчлэн орос загварын автомашинтай. Ер нь социалист улс болохоор анх ядмагдуу талдаа санагдаж байлаа. Гадаад хүмүүст ам.доллараар үйлчилдэг тусгай дэлгүүр, дотоодын хүнд өөрийн мөнгөн тэмдэгтээр үйлчилдэг дэлгүүр гэж тус тусдаа юм билээ. Кубачууд спортыг маш их дэмждэг. Воллейболын дэлхийн топ зэрэглэлийн багуудын тоглолтыг тэнд бараг л үнэгүй үзнэ. Хамгийн сайхан нь тэнд ус ундаа, жимс маш хямд. Кубад суралцаж буй оюутнууд Монгол Улсын ЭСЯ-тайгаа байнгын харилцаатай. Элчинд цөөхөн хэдхэн монголчууд гэр бүлтэйгээ байдаг. Бид Монголд бүх нийтээр тэмдэглэдэг улс тунхагласны баяр, цагаан сар, наадам зэрэг үндэсний баяраа бид хамтдаа тэмдэглэнэ. Манай ЭСЯ-ны Хавана дахь байр 2 давхар, бас доороо подвалтай, монгол оюутнууд энд очих их дуртай.  


-Та Кубад оюутан байхдаа амралтаар эх орондоо хэдэн удаа ирж байв? 


-Алс холын Куба оронд суралцагч оюутнууд санхүүгийн байдлаас хамаарч янз бүр. Ихэнх нь 2 жилд нэг удаа явна. Жил тутам явдаг нь их цөөн дөө. Миний хувьд зургаан жил сурахад нэг л удаа, 2011 оны зун эх орондоо ирж амарч байсан.



-Танай сургуульд гадаадын олон оюутан суралцана биз, Испани хэлийг хурдан сурсан уу?


-Манай сургуульд дэлхийн 84 орны оюутан суралцдаг. Азиас ихэнх нь, африк тэр чигээрээ, төв болон латин, өмнөд америкаас оюутнууд суралцдаг. Энд л бүх улсын соёл иргэншлийг нягт нямбай биш ч зах зухаас нь ойлгож мэдсэн дээ. Мөн олон үндэсний хэлийг сонсож чихээ их баясгасан даа. Анх испани хэлний ямар ч мэдлэггүй очсон. Тэгээд хэлний бэлтгэл эхлэхээс өмнө ойр зуур өөрийгөө танилцуулах, хаанаас ирсэн, хэдэн настай зэргээ хэлж чаддаг болсон. Тэгээд цэвэр испаниар ярьдаг хүмүүстэй хамт амьдрахаар хэл сурахад дөхөм болсон. Испани хэл намайг өөртөө татаж чадсан шүү. Уянгалаг, сонсголонтой, хурдан сураад энэ хэлээр ярих юмсан гэсэн хүсэл шууд л төрсөн. Ингээд жилийн дотор тодорхой хэмжээнд ярьдаг болсон.



-Куба улсын ЭСЯ, тэнд суралцдаг хүмүүстэй харилцаа холбоотой байдаг уу?


-2014 онд төгсөж ирээд 2 жил дунд сургуульд багшилсан. Багшилж байхдаа “Эрчим” клубын туслах дасгалжуулагчаар ажилласан. Тэгээд 2016 оны өвлөөс албан ёсны дасгалжуулагч болсон. Монголд ирээд Куба улсын ЭСЯ-тай харилцаатай байгаагүй. Волейболын холбооны цомын АШТ-д нэг багт гадаадын хоёр лигонер тамирчин зөвшөөрдөг. Тэгээд би 2017 онд холбооны цомд хоёр Куба тамирчин урьж авч ирсэн. Тэд 1987, 1996 оны залуус.


Тэдний нэгтэй Кубад дадлага хийж байхдаа танилцсан юм. Боломж гарвал би чамайг Монголд тоглуулна гэж ам гарсан юм. Тэгээд бид фэйсбүүк, мэйл хаягаар холбоо тогтоосон. Нөгөө залуу нь тамирчдыг төлөөлж бусад улсын Лиг рүү мэдээлэл явуулдаг Португалд амьдардаг Бразил залуу надад санал болгосон. Тэдний бүх зардлыг ДЦС-4 ТӨХК-иас даасан. Тэгээд манай “Эрчим” баг 2017 оны холбооны Цомын АШТ-д III байрт шалгарч байлаа. Дараагийн жил нь тэднийг дахин авчраад түрүүлсэн. Би тэр үеэр Улаанбаатар дахь Куба улсын Элчин сайдын яамаар визний асуудал хөөцөлдөж анх удаагаа орж байсан.


Кубад сургууль төгссөн хүмүүс ЭСЯ-тай байнга холбоотой байдгийг мэдсэн. Кубад төгсөгчдийн холбоо Монголдоо байнгын үйл ажиллаа явуулдаг юм байна. Би ч холбоотойгоо харилцаатай болсон. Манай холбооныхон цуглаж уулзах үеэрээ хамтдаа заал ашиглах зэргээр надтай холбогддог боллоо. Харин миний хувьд зохион байгуулдаг уулзалт, зөвлөгөөнд нь тэр бүр оролцож амждаггүй юм. Монгол, Куба 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа талаар холбооны тэргүүн Г.Ганбаяраас дуулсан. Холбооноос зохион байгуулсан үйл ажиллагааг хөтлөх болон испани дуу дуулах зэргээр хэд хэдэн удаа оролцож байлаа.



-Та Кубаас ирээд 6 жил өнгөрчээ. Энэ орныг одоо дахин нэг үзэх юмсан гэж боддог уу?


-Бодолгүй яах вэ. Мөн төгссөн сургуульдаа магистр хамгаалах бодол ч бий. Тийм боломж гарах биз ээ. Үгүй ядахдаа 7 хоног аялалаар явчих юмсан гэсэн хүсэл байдаг. Далайн эрэг дээр очоод, куба пицца, тахиа, гахайн махтай гоё чанасан будаа байдаг юм, түүнийг идэх юмсан гэж бодогддог шүү.


-Куба оронд амьдарсан 6 жилийн хугацаанд үлдсэн мартагдашгүй гоё дурсамжаа хуваалцаач?


-Зургаан жил тэр чигээрээ л дурсамж юм даа. Куба хүмүүстэй их дотно байсан. Куба хүмүүсийн испани хэлний аялага төв, латин америк хүмүүсийн аялагаас шал өөр. Намайг, чи кубын испани аялгаар маш цэвэр яриад байна гэдэг. Би суралцаж байхдаа куба хүмүүстэй илүү ойр дотно байж. Тэд их нээлттэй хүмүүс. Хүнээс юм харамлах гэж байхгүй. Юугаар ч туслахад бэлэн хүмүүс. Гудамжинд халууцаж яваад ямар ч айлд ороод ус өгөөч гэхэд уриалгахан хүйтэн ус хийгээд өгдөг. Газрын байршил асуухад бүр хүргээд өгдөг. Хамгийн их дурсамж дүүрэн үе гэвэл тавдугаар /курс/ ангидаа дадлага хийхдээ бараг 7-8 сар нэг ч монгол байхгүй газар, монголоор ярилгүй куба хүмүүсийн дунд амьдарсан. Жинхэнэ куба хүмүүсийг, тэдний амьдралыг мэдэрч байгаа юм чинь. Тэгэхэд л бүхнийг илүү их мэдэрч, ойлгож суралцсан. Би бүр нутаг буцмааргүй их сайхан байж билээ. Кубын их удирдагч Фидель Кастро гэж хүний гавьяа, зүтгэлээр кубачууд төдийгүй тэнд суралцаж төгссөн бид ихэд бахархдаг. Энэ улсад мэргэжил эзэмшиж, өнөөдөр мэргэжлээрээ үр бүтээлтэй сайн ажиллаж, аз жаргалтай амьдарч байна. Куба оронтой миний хувь заяа холбогдсонд их баярлаж, бахархаж явдаг. Манай хоёр орны найрсаг харилцаа улам батжиж, олон залуус энэ сайхан оронд суралцаж, мэргэжил эзэмших болтугай.






Холбоотой мэдээ