Тусгаарлалтад байсан эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-04 11:28:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Эдгэрсэн иргэний нэг нь ОХУ-ын иргэн 59 настай, Беларусийн хоёр жолооч 15 хоног эмчлүүлжээ. Мөн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 54 настай эмэгтэй 22 хоног эмчлүүлэн, эмнэлгээс гарчээ. Түүнчлэн  тусгаарлагдаж байсан жирэмсэн эмэгтэй өнөөдөр өглөө ХӨСҮТ-д  амаржиж, хүүтэй болжээ.


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 220 бүртгэгдсэнээс 183 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 37 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн 31, хүндэвтэр 6 хүн байна.  


Улсын хэмжээнд өчигдөр нийт 557 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд, Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр онгоцоор ирсэн 428 хүнд хийсэн эхний шинжилгээ халдваргүй гарчээ. Мөн 14 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүн, ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 11 хүн, тандалтын зорилгоор УНТЭ, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгаас тус бүр нэг буюу нийт гурван сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч болон Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд, ачаа тээврийн жолооч нарын шинжилгээний хариу багтаж байна.

Холбоотой мэдээ