100-аас дээш бог малтай бол таван сая төгрөг хүртэл зээл авах боломжтой

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-05-12 15:10:58

Малчны зээлийн хүү буурсантай холбоотой Завхан аймгийн Төрийн банкны захирал Б.Эрдэнэбаатартай уулзаж тодруулга авлаа. 100-аас дээш бог малтай бол таван сая төгрөг хүртэл зээл олгогдоно.

-Сайн байна уу? Малчны зээлийн хүү буурсан нь малчдын хувьд томоохон дэмжлэг болж байна. Манай аймгийн хэчнээн малчин энэхүү зээлийн үр шимийг хүртээд байгаа вэ?

-Завхан аймгийн Төрийн банк 1,228 малчин болон мал бүхий иргэнд 4.5 тэрбум төгрөгийн зээл олголт хийгээд байгаа. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Уг зээлийн олголтоор манай салбар улсдаа 4 дүгээр байранд орж байна.

2016 оны 02-р сарын 05-наас жилийн малчны зээлийн хүү 18 хувь болж өөрчлөгдсөн. Өмнө нь малчны зээлийн дундаж хүү 29,5 хувь байсан. Завхан аймгийн Төрийн банкны салбарын хувьд 1,134 зээлдэгч 2,7 тэр бум төгрөгийн малчдын зээлийн хүүг 18 хувь болгон бууруулсан байна. Энэ нь нийтдээ 380 сая орчим төгрөгийн хүүний хөнгөлөлтийг малчин өрхүүдэд үзүүлсэн гэсэн үг юм.

Малчны зээлийг ямар зориулалтаар олгох вэ?

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийн зээл нь Монгол улсын засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор баталсан “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар батласан “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг малчдад олгох, зээлд тавигдах шаардлага, түүнийг хэрэгжүүлэх журам”-ыг үндэслэн олгох зээл юм.

Тухайлбал мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх, хадлан бэлтгэл, мал аж ахуйн зориулалттай бага дунд оврын трактор худалдан авах,  малын явуулын болон суурин хашаа, саравч, өвс, тэжээлийн болон төл хүлээн авах байх, фермийн байр барих, түүний тоног төхөөрөмж, материал худалдан авах, шинэчлэх, засварлах. Түүнчлэн малын эм, дотоод, гадаад шимэгчтэй тэмцэх эм, тарилга, туулгалт, угаалгын бодис, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах. Цас цэвэрлэх, бэлчээр гаргах зэрэг ган, зуд үер, гал гэх мэт эрсдлийн үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж худалдан авах, сайн чанарын, тухайн бүс нутгийн Малын үржлийн хөтөлбөрт заагдсан сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч үржлийн мал худалдан авах. Мөн гүн өрөмдлөгийн болон гар худаг гаргах, цас борооны ус тогтоох, шинээр бэлчээр ашиглах арга хэмжээг санхүүжүүлэх, малын тэжээл  тариулах, худалдан авах. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай цахилгааны эх үүсвэр бий болгох, тоног төхөөрөмж худалдан авах, мал аж  ахуйн бүтээгдэхүүн боловсруулах бага, дунд оврын тоног төхөөрөмж, эрүүл ахуйн шаардлага хангах хөргөлтийн болон агуулах сав худалдан авах. Шинээр өвөлжөө, хаваржаа байгуулах, худалдан авах, сум, суурингаас алслагдсан бэлчээрийг ашиглан бэлчээрийн даацыг зохистой ашиглах замаар үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бусад мал аж ахуйн үйлдвэрлэлээ өргөтгөх, мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортыг дэмжих үйл ажиллагаа, арга хэмжээнд зориулна.

Малчны зээлийн нөхцөл хугацаа нь ямар байх вэ?

-Зээлийн хүү жилийн 10 хувь, зээлийн хугацаа 18 сар, зээлийн хэмжээ нь 100-аас дээш бог малтай бол таван сая төгрөг хүртэл зээл олгогдоно. Харин зээл эргэн төлөгдөх нөхцөл нь малчин өрхийн малын ашиг шимийн орлоготой нь уялдуулан хагас жилд нэгээс доошгүй удаа зээл, хүүгийн төлбөрийг төлүүлэх юм.

Зээлдэгчид ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Тэгэлгүй яахав мэдээж малчдад шаарлага тавигдана. Юун түрүүн малчин данстай байна. Банкинд Малчин данстай байх бөгөөд мал аж ахуйн болон бусад бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг тус дансаар хүлээн авч мөн данснаас зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гүйцэтгэнэ. Мөн зээлдэгч болон хамтран зээлдэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлж эхэлсэн байх, зээлийн хугацаанд сар бүр төлөх.  Малчин малаа эрүүл мэндийн үйлчилгээнд технологийн хугацаанд бүрэн хамруулсан байх. Үүнийг тус үйлчилгээг үзүүлж байгаа Мал эмнэлгийн болон Мал эмнэлэг, үржлийн нэгж, хоршооны тодорхойлсныг үндэслэн сум дахь Мал эмнэлэг, үржлийн тасгийн тодорхойлолтоор баталгаажуулсан байна. Мөн нэмэлт шаардлага бий. Энэ нь сүүлийн мал тооллогоор өөрийн нэр дээр малаа тоолуулж, А дансаар баталгаажуулсан, Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл нь орсон байх ёстой. Бог малын хээлтүүлэгчийг сүргээс тусгаарлан суурилсан байх. Үүнийг  багийн Засаг даргын тодорхойлолтоор баталгаажуулна. Уг тодорхойлолтод хээлтүүлэгчийг тухайн жилд ашигласан жил, хээлтүүлэгчийн гарал үүслийн талаарх мэдээлэл, сүрэгт байгаа хээлтүүлэгчийн тоо зэргийг багтаасан байна. Ингээд дээрхи заалтад тусгасан тодорхойлолтыг үндэслэн Мал эмнэлэг, үржлийн тасаг технологийн хяналт тавьж, хээлтүүлэгчийн зохистой ашиглалт, 25-аас доошгүй хувийн хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавих асуудлыг сумын үржлийн хөтөлбөрт нийцүүлэн баталгаажуулж, Мал эмнэлэг үржлийн нэгжийн тодорхойлолттой нэгтгэн дэмжих, эс дэмжихээ илэрхийлсэн тодорхойлолт зайлшгүй байна.

Түүнчлэн зээлийг зориулалтын дагуу ашиглахыг нотлон худалдагч талтай хийсэн гэрээ, хэлцэл эсвэл нэхэмжлэх баримттай байх. Хэрвээ зээл хүсэгч худалдагч талтай гэрээ хэлцэл хийх боломжгүй тохиолдолд зээлийн санхүүжилтээр хийгдэх ажлын төсөв, төлөвлөгөөтэй байх юм. Малчны зээлийн эрсдэлийн даатгал, Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байх ёстой.

Малчид ямар материалыг бүрдүүлэх вэ?

-Зээл хүссэн малчид иргэний үнэмлэх, цээж зураг нэг хувь, анкет /банкны маягтаар/, сүүлийн мал тооллогын А дансны хуулбар, эсхүл мал тооллогын карт, мал, эмнэлэг, үржлийн тасгийн тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт, зээлийг зориулалтын дагуу ашиглахыг нотлох баримт, барьцааны зүйлийн баримт бичиг, лавлагаа, итгэмжлэл, зөвшөөрөл зэргийг бүрдүүлэн Төрийн банкнаас малчны зээлийг авч болно.  

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ