Армийн дэлхийн спортын наадамд 8 төрлөөр оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-25 13:09:25

БНСУ-ын Мунгён хотноо 10 дугаар сарын 2-13-нд болох Армийн дэлхийн спортын зуны VI наадамд манай улсаас “Алдар” спорт хорооны тамирчид бокс, буудлага, дугуй, жүдо, таеквондо, чөлөөт бөх, хөнгөн атлетик зэрэг 8 спортын төрлөөр оролцоно.

Багийн ахлагчаар “Алдар” спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр явж байна., Дэлхийн армийн спортын зөвлөл /SICM/- өөс 4 жил тутам зохион явуулдаг тус наадам анх 1995 онд Италийн Ром хотод болж гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 100 кг-д мөнгөн медаль хүртэж байжээ. Армийн дэлхийн спортын зуны наадамд манай улсын баг хоёр дахь удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Энэ удаагийн спортын наадамд дэлхийн 100 гаруй орны 8 мянга орчим тамирчид спортын 24 төрлөөр өрсөлдөнө. Тус наадамд чөлөөт бөхийн төрлөөр оролцох бүрэлдэхүүнийг танилцуулж байна. 57 кг-д ОУХМ Д.Цогтбаатар /армийн ДАШТ-ний мөнгөн медальт/, 61 кг-д Б.Хаш-Эрдэнэ, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай /армийн ДАШТ-ний хүрэл медальт/, 70 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ийн хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, армийн дэлхийн аварга Г.Мандахнаран, 74 кг-д СМ Б.Бямбадорж, 86 кг-д ОУХМ, армийн дэлхийн аварга О.Үйтүмэн, 97 кг-д Л.Шинэбаатар, 125 кг-д Б.Гончигдамба нар барилдана.

Дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр, /Үндэсний эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин/, Ц.Хосбаяр, /“Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч/, Шүүгчээр Ю.Батсайхан /олон улсын шүүгч/ тус тус ажиллана.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд