Сайдаар томилохыг дэмжсэн хүмүүсийн нэрс
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж Засгийн газрын гишүүдийг тодрууллаа.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэхээр заасан. Ингэхдээ, УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн сайдын албыг давхар хашихаар хязгаарласан юм. Энэ дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөлөөр танхимынхаа гишүүдийг томилох асуудлыг хэлэлцүүлжээ. Хурлаар, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Х.Нямбаатарыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох бол Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар улираан томилохыг дэмжжээ. Мөн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар улираах бол Д.Сарангэрэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилохыг дэмжсэн байна.
Удирдах зөвлөлийн шийдвэрээр, Шадар сайдаар УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар, Батлан хамгаалахын сайдаар бригадын генерал Г.Сайханбаяр, Зам тээвэр, хөгжлийн сайдаар тус яамны дэд сайд Л.Халтарыг томилохоор болжээ. Түүнчлэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнг, ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайханг томилох шийдвэрт хүрчээ.
Гадаад харилцааны сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайдаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Эрчим хүчний сайдаар Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг томилохыг дэмжсэн байна. Үүнээс гадна Барилга хот байгуулалтын сайдаар тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайдаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар "Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Г.Ёндон нарыг томилох саналыг дэмжжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа гишүүнээр сонгож буй гишүүдээ УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулснаар, үүрэгт ажилд нь томилох бөгөөд сайдаар сонгогдсон Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөх юм.