Чойжин ламын сүм музейн “Хот мандал-нууц тарнийн сүм” үзэсгэлэнг Варшав хотноо нээв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
bolor@montsame.mn
2020-07-08 10:31:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Польш улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа Чойжин ламын сүм музейн “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Варшав дахь Ази, Номхон далайн музейд өчигдөр болов.

Үзэсгэлэнгийн нээлтэд БНПУ-ын Сеймийн дэд маршал Малгожата Гошевска, Гадаад харилцааны дэд сайд Марчин Пшидач,  Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко, Польшийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны товчооны захирал Витольд Жельски нар болон албаны хүмүүс, Монгол Улсаас БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан нар болон Польшид оршин суугаа монголчуудын төлөөлөл оролцов.

Түүнчлэн Польшийн бизнес, урлаг, соёл хэвлэл мэдээллийн байгууллага, Варшав дахь зарим ДТГ-уудын  тэргүүн нар зэрэг нийтдээ 100 гаруй хүн үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн иржээ.

Энэхүү үзэсгэлэн нь коронавирусний цар тахлын хөл хорио тогтоосноос хойших хугацаанд БНПУ-ын гадаад харилцааны салбарт хоёр талын шугамаар зохион байгуулж буй, өндөр түвшний зочид төлөөлөгчид оролцсон, анхны том ёслол болсныг польшийн тал тэмдэглэж байна. Монгол Улсын Үндэсний баяр наадмын босгон дээр энэхүү үзэсгэлэнг  зохион байгуулсан нь 70 жилийн түүхтэй хоёр орны дипломат  харилцаанд польшийн тал өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл болов.


Холбоотой мэдээ