Ч.Содномцэрэн: Тойрог, мандатын асуудлыг бямба гарагаас өмнө шийдвэрлэхгүй бол хууль зөрчинө

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-12 18:52:32

Төрийн ордонд өнөөдөр ид хэлцэгдэж байгаа УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай тогтоолын төслийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар СЕХ-ноос оруулж ирсэн ирсэн тогтоолын төсөлд хэр зэрэг өөрчлөлт оруулсан бэ?

-УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай саналаа СЕХ УИХ-д оруулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар зарим тойрог дээр зарчмын шинжтэй саналууд гарсан. Үндсэндээ СЕХ-ны оруулж ирсэн санал дэмжигдлээ.

-Тойрог байгуулах, мандатын тоо тогтоох асуудлыг шийдвэрлэх хуулийн хугацаа хэзээ дуусах вэ?

-Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуультай холбогдох хувь тэнцүүлсэн тогтолцоог түдгэлзүүлсэн учир хуульд өөрчлөлт оруулж, 150 хоногийн өмнө тойрог, мандатыг тогтоодог байсныг 45-аас доошгүй гэж өөрчилсөн. 45-аас доошгүй хоног гэдэг нь энэ бямба гарагт дуусч байгаа юм. Тэгэхээр УИХ-д өнөөдөр, маргааш гэсэн хоёр хоног л үлдлээ. Энэ хугацаандаа шийдвэрээ гаргахгүй бол хууль зөрчинө.

-Хэрэв хугацаанд нь шийдвэрээ гаргахгүй бол сонгууль хойшлох асуудал үүсэх үү?

-Үндсэн хуульд зааснаар ийм боломжгүй. Учир нь, сонгууль хойшлуулах ганц л заалт бий. Тэр нь дайн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гамшиг тохиолдсон үед хойшлуулах тухай юм. Бусад үед ээлжит сонгуулийг 4 жил тутамд, хуулийн хугацаанд явуулна гэсэн заалттай.

-УИХ-ын зарим гишүүд СЕХ захиалгаар мандатын хуваарилалтыг оруулж ирлээ гэж шүүмжилж байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Ер нь бол захиалгаар хийж байна гэх ойлголт өөрөө буруу юм. Хараат бус, төрийн байгууллагыг ингэж хэлж болохгүй. СЕХ-нд МАН-ын бүлэг болон зарим гишүүд, аймаг, сумын Засаг дарга, Засаг дарга нараас “манай аймгийг ингэж хувааж өгөөч” гэх мэт хүсэлт ирсэн. Гэхдээ тэр болгоныг харгалзаж үзэх боломжгүй. 76 гишүүний эрх ашгийг тэнд тусгах аргагүй. Зарим нь гомдолтой байгаа бол нөгөө хэсэг дэмжиж байна.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Булган аймгийг нэг мандаттай болгосныг шүүмжилж байгаа. Өмнөговь аймагтай харьцуулан ярьж байсан. Яагаад ийм хуваарилалт хийснийг тайлбарлавал?

-Үндсэндээ можаритар тогтолцооны 28 мандат хуваарилж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрнээс 76-г дахин хуваарилаагүй. Илүү гарсан 28 мандатыг хот, хөдөөд хэдийг хэрхэн хуваарилах тухай л асуудал ярьж байгаа. Тэгэхээр 14 мандатыг бүх аймагт нэг нэгээр нэмэх боломжгүй гэсэн үг. Мандат нэмэгдээгүй нь гомдолтой байгаа байх.

-Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа хэдийнээс эхлэх вэ?

-Нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 23-наас эхэлж, 5 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Үүний дараа 3 хоногийн дотор СЕХ-нд материалаа ирүүлнэ. Бүртгэх эсэхийг СЕХ 5 хоногт багтаан шийднэ. Тэгэхээр нэр дэвшүүлснээс хойш 13 хоногийн хугацаа байна гэсэн үг.

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд саналаа өгөх боломжгүй болсон гэсэн яриа байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Үндсэн хуулийн цэцээс пропорцианаль тогтолцоотой холбоотой хэсгийг түдгэлзүүлсэн. Энэ тогтолцоонд гадаадад байгаа иргэдийн саналыг авах заалт байсан юм. Үүнийг нь УИХ хүлээж аваад, хүчингүй болгочихсон. Тэгэхээр хуулиараа бол санал өгөх боломжгүй болсон гэсэн үг.   

-ИЗНН-аас гаргасан гомдлыг эргэж харах хэлэлцэх боломж байгаа юу?

-ИЗНН-аас хоёр тогтоол СЕХ-нд ирүүлсэн. Нэг нь С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг нарын гарын үсэгтэй “Энэ удаагийн УИХ-ын сонгуульд манай нам оролцохгүй, АН-ыг дэмжиж оролцоно” гэсэн тогтоол ирсэн. Нөгөөх нь Ц.Ганхуягийн гарын үсэгтэй “Сонгуульд оролцоно” гэсэн тогтоол байсан. Сүүлийн тогтоол дээр нь С.Оюуны гарын үсгийг дууриалгаж зурсан гэсэн асуудал гарсан. Тийм учраас энэ асуудлыг эргэж харах боломжгүй. Баримт бичиг, дутуу хуурамч бол бүртгэдэггүй.  

Н.Гантуяа

Холбоотой мэдээ