Эрдэнэвангийн буган халиун даншиг наадамд 10 гаруй удаа түрүүлж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-09 16:44:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол даяар алдартай хурдан хүлэг Буган халиун нас ахисан үедээ төрөлх нутгийн зүг хахир хавраар тэмцэн гүйж, одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт хүрчээ. Алсын замд сульдаж ядарсан алдарт хүлэг баян Гомбожав хэмээх айлын уяан дээр ирж зогсоод босоогоороо амьсгал хураасан гэдэг. Энэ тухай зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн ийн өгүүлсэн юм.

Алдарт хурдан хүлгээ таньсан нутгийн олон ихэд харамсан, молор эрдэнэ болсон толгойг нь хүндэтгэн залж, төрөлх нутаг Товхонхан уулын их овоонд залсан гэнэ. Энэхүү монгол даяар алдар нь түгсэн алдарт хурдан хүлгүүдийн нэг болсон Буган халиун нь Эрдэнэвангийн хошууных байж. Тэрээр Их Шавийн ноён Номун ханы отгийн баян Гончиг даамлын хүү Буян заан хэмээх хүний адуун сүрэгт гарсан гэдэг. Энэ нутаг нь одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум юм. Буган халиун хурдан морины бүх шинжийг өөртөө багтаасан зорсон шагай шиг хүлэг байсан тухай аман домог олон арваар дамжин ирсэн байдаг. Буган халиун хязаалан нас хүртлээ нутагтаа уралдсан байна. Түүниийг хязаалан насанд нь Богд эзэнд өргөн барьснаас хойш түүний нэр дээр уралддаг болжээ. Буган халиун бүрэн бус мэдээгээр даншиг наадамд 10 гаруй удаа, бусад наадамд 20 гаруй түрүүлсэн гэдэг.

Буган халиун ажнайн хөшөөг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын төвд босгосон бөгөөд аймгийн Морин спорт уяачдын холбоог “Буган халиун” уяачдын холбоо хэмээн нэрлэж түүнийг алдаршуулсан байна.

 

Холбоотой мэдээ