Шошгонд үйлдвэрлэсэн өдрийг үнэн зөв тавьдаггүй зөрчил илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-05-13 13:38:59

НМХГ-ын хурлын танхимд “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн бүтээгдэхүүнтэй холбоотой хоолны хордлого, халдвар гарсан тухай мэдээлэл тус газарт ирсэний дагуу БЗД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт болон 61 дүгээр сургуулийн үдийн цайнаас үүдсэн хоолны хордлогын талаар мэдээлэл хийв.

Томилогдож ажилласан ажлын хэсэг 2016 оны 4 дүгээр сарын  24-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд Эрүүл мэндийн сайдын баталсан журмын дагуу хоолны хордлого, халдварыг хянан, цаашид тархахаас сэргийлэх, голомтыг таслан зогсоох түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. 4 дүгээр сарын 24-нөөс 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нийт хоолны хордлого гэсэн оноштой 155 хүн бүртгэгдэж 97 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.

ХӨСҮТ-ийн нян судлалын шинжилгээгээр хоолны хордлогоор өвдсөн хүний 116 буюу 74,8 хувьд нь “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн үйлдвэрийн ажилчдын 36,6 хувьд нь, эклер худалдаж буй хүнсний дэлгүүрийн ажилчдын 46,1 хувьд нь хоол хүнсээр дамжин халдварласан Сальмонеллёз өвчний үүсгэгч “salmonell enteritidis” илэрчээ. 

Энэ үеэр уг асуудлаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуштай уулзаж тодруулга авлаа.

“НМХГ-ын Нэгдсэн төв лабораторийн нян судлалын шинжилгээгээр эклерийн дээжний 34,3 хувьд нянгийн бохирдолт илэрсэний 9,3 хувьд буюу 2016.04.22-ны өдөр үйлдвэрлэсэн гэсэн шошготой өвчтөний идсэн үлдэгдэл эклерийн 2 сорьцонд “salmonell enteritidis” тус тус илэрсэн. Шалгалтаар эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр бус худалдаанд гаргасан өдрөөр буюу 1 хоногоор хойшлуулж бичдэг зөрчил илэрч, “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн үйлдвэрт үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон. Ажлын хэсгээс эрүүл ахуйн тандалт хяналтын дүнг үндэслэн “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 2016.04.21-ний өдөр үйлдвэрлэсэн эклерийн нэг цуврал бүтээгдэхүүн хүний үйл ажиллагаатай холбоотой үйлдлээс бохирдон, үйлдвэрт 10-12 цаг хадгалснаас нянгийн үржлийг дэмжин улмаар дээр дурдсан нянгаар үүсгэгдсэн хоол, хүнсээр дамжсан хоолны хордлого, халдварын дэгдэлт болсон гэж дүгнэлээ. Тус үйлдвэрийн кремтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 04.24-нөөс улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, нийт 1105 ширхэг буюу 1 сая 648 мянга 400 төгрөгийн бүтээгдэхүүнийг хурааж устган, 3 сая төгрөгийн торгууль ногдуулж, тус аж ахуйн нэгжийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс хууль, дүрэм журмаа мөрдөж, эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулж байна гэв.

Мөн өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуульд хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Тус сургуулийн “Үдийн цай" хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 18 бүлгийн 611 сурагч хамрагддаг бөгөөд цайны газаргүй тул “Айплмүүн", “Хаан сүү” компанитай гэрээ байгуулан “Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Хөтөлбөрийн батлагдсан цэсний дагуу тухайн өдөр “Алиман cap” хүнсний үйлдвэрт  үйлдвэрлэсэн, 70 гр-аар савлагдсан жимстэй боов, "Хаан сүү" үйлдвэрт  үйлдвэрлэсэн 100 гр савлагаатай нэрс жимсээр хийсэн “Жимсний жүүс”-ийг түгээсэн. Улмаар  бага ангийн зургаан бүлгийн 202 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсанаас гуравдугаар ангийн 23 сурагчид хордлогын шинж илэрсэн. Эдгээр хүүхдүүд өрхийн эмчийн хяналтанд эмчлүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн болсон” гэлээ.

Д.Өлзий

    

Холбоотой мэдээ