Хөдөлмөрийн баатар, жүдоч Х.Цагаанбаатар зодог тайллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ“Афин-2004” олимпийн наадмын жүдо бөхийн хүрэл медальт, дэлхийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар пүрэв гарагт зодог тайлж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.
2015 оны Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоны дараахан ийм шийдвэр гаргажээ. Тэрбээр 2004 оны Афины олимпийн наадмаас эх орноосоо ганцаараа 20 насандаа олимпийн хүрэл медальтай ирж монголчуудаа баярлуулж байсан түүхтэй. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нь олимп, дэлхий, тив гээд олон тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн шилдгийн шилдэг тамирчин билээ.
Тэрбээр зодог тайлсан ч өнөөдрөөс эхлэн дасгалжуулагчийн албанд томилогдож Үндэсний шигшээ багтаа хүчин зүтгэхээр болжээ. Монголчуудын бахархал болж чадсан Х.Цагаанбаатар энэ талаар "Дэлхийн аваргаас эх орондоо ирээд энэ шийдвэрээ гаргалаа. Х.Баттулга ерөнхийлөгч, О.Балжинням багш бид гурвуулаа энэ тухай ярилцсан. Өөрийнхөө авч чадаагүй олимпийн алтан медальт, “Олимпийн аварга” хэмээх хүндтэй цолтон жүдочийг төрүүлэхийн төлөө хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдсэн. Зодог тайллаа ч жүдогийн татамигаасаа холдохгүй учраас тийм ч хүнд шийдвэр биш байлаа" хэмээн онцолжээ.
Д.Өлзий
Сэтгэгдлүүд