Гавьяат хуульч Н.Жанцан: Германы хуульчдаас суралцах зүйл бидэнд их байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
delgermaa@yahoo.com
2020-07-21 14:10:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Ерөнхийлөгч  Франк-Вальтер Штайнмаерын зарлигаар Монгол Улсын гавьяат хуульч Н.Жанцанг “Өргөн тууз алтан од бүхий Гавьяаны Их загалмай одон”-гоор шагнасан билээ. Уг шагналыг энэ сарын 16-ны өдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ёорн Розенберг гавьяат хуульч Н.Жанцанд гардуулж өгсөн бөгөөд тэрээр уг шагналыг авсан анхны гадаадын иргэн болсон юм.   

- ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог энэ одонгоор шагнагдсанаа Та хэзээ мэдсэн бэ?

-Энэ одонгоор шагнагдсанаа хоёр хоногийн өмнө мэдсэн.

-Яагаад таныг энэ одонгоор шагнах болсон юм бол?

-Үүнийг Германы анд нөхдөөс минь асуувал илүү тохиромжтой байх. Би  энэ эрхэм дээд хүндэтгэлтэй шагналыг авч байгаадаа их баяртай байгаа бөгөөд надад ахадсан шагнал гэж бодож байна.

-Монгол, Герман Улс нь  олон жил хуулийн салбарт  идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Үүнийг  цаашдаа улам  хөгжүүлэх ямар боломж байна гэж та үзэж байна?

-ХБНГУ, тэр дундаа Ханс Зайделийн сан нь Монголд эрх зүйн шинэчлэл хийх, шинэ хууль тогтоомжуудыг боловсруулах, батлахад гүн туслалцаа үзүүлсэн. Цаашдаа ч бид Германы хуульч судлаачдаас байнга суралцах ёстой. Учир нь тус улсын хууль нь дэлхий дахинд шилдэг хуульд зүй ёсоор багтдаг. Эрх зүйн зохицуулалт, хуулийн соёлын талаасаа дэлхийн сонгодогт багтдаг. Тиймээс бидэнд суралцах зүйл их байгаа.

-Та бол хуульч хүн, Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан. Саяхан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн талаар хуульч хүнийхээ хувьд ямар бодолтой байна?

-1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах, батлуулах ажилд би өөрөө биечлэн оролцсон хүн бөгөөд Улсын Бага Хурлын гишүүн байсан. Саяхан Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь цагаа олсон, сайн өөрчлөлт болсон гэж үзэж байгаа. Гэхдээ нэг удаагийн цохилтоор бүх юмыг зөв хийх боломжгүй. Нэмэлт өөрчлөлтийг Монголын олон хуульч, олон парламент дамжин хэлэлцсэн, олон улсын эрх зүйн хөгжлийн түвшингээс авч үзэх юм бол боломжтой өөрчлөлт оруулсан гэж үзэж байгаа.

Холбоотой мэдээ