Иргэдийн хандиваар жингийн дутагдалтай хүүхдүүдийг чийрэгжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 15:12:38

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвөөс харъяалагдах багийнхаа амьжиргааны баталгаажих түвшин доогуур өрхүүдийн бага насны хүүхдүүдийг чийрэгжүүлэх аянд хамрууллаа.

Ингэхдээ 1 дүгээр багт харъяатай иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан хандив зарласан бөгөөд сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжаар 300 гаруй мянган төгрөг цугласныг чийрэгжүүлэх аянд зориулсан байна.

Уг арга хэмжээнд тус багийн 23 өрхийн жингийн дутагдалтай, өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүдийг витаминжуулж, нэмэлт тэжээл, баяжуулсан хоол хүнс өгөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулжээ. Мөн эцэг, эхчүүдэд нь эрүүл мэндийн зөвлөгөө өгөн  хүүхдэдээ иллэг массаж хийх арга барилд сурган дадлагажуулсан байна.

Чийрэгжүүлэх шаардлагатай хүүхдүүдийн тал хувь нь энэ удаагийн аянд хамрагдсан учраас цаашид дахин зохион байгуулна гэдгийн Уян сэтгэл өрхийн эмнэлгийн эмч хэлж байв.  

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ