БНСУ-д эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг эмчилгээнд ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-22 13:12:06
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд "COVID-19" халдварын 213 мянга 600 гаруй шинэ тохиолдол, 4 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн үеэр мэдээллээ.


Тухайлбал, АНУ-д өчигдөр 57 мянга 700 гаруй шинэ халдвар, 473 нас баралт, Бразилд 41 мянга шинэ халдвар, 1367 нас баралт, БНЭУ-д 37 мянга 100 гаруй шинэ халдвар бүртгэгдсэн бол Австралид 56 мянга гаруй сорьцод шинжилгээ хийхэд 388 тохиолдлын хариу нь эерэг гарчээ.


Япон улсад бүртгэгдсэн 633 шинэ тохиолдолын 231 нь Кантог мужид бүртгэгдсэн байна. Тус улсын ЭМЯ-наас үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл болох Дексаметазоныг шинэ коронавирусний эмчилгээний зааварт нэмж оруулсан бөгөөд уг эмийг Их Британид хүндэрсэн өвчтөнүүдэд хэрэглэхэд нас баралт буурсан судалгааны дүнг Оксфордын их сургууль танилцуулжээ. 


БНСУ-д өчигдөр халдварын 63 шинэ тохиолдол, 1 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр биеийн байдал нь хүндэрсэн 76 өвчтөнд Ремдесивир тарилгаас гадна эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг хэрэглэх эмчилгээний зааврыг Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас баталж, зөвшөөрөл олгосон байна. Цусны сийвэнг эмчилгээнд хэрэглэх эмнэлзүйн нэгдүгээр шатны туршилт БНСУ-д эхэлжээ. 


Харин БНХАУ-ын эх газарт өчигдөр халдварын 14 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 9 нь тус улсын Шинжаан Уйгурын өөртөө засах бүс нутагт, 5 нь гадаад улсаас зөөрлөгдсөн тохиолдол байна. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгд 60 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ