Орон нутгийн тэтгэлгээр төгссөн оюутнуудад батламж гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-07-22 16:51:54

Өмнөговь /МОНЦАМЭ/.Энэ жил их сургуулиа дүүргэсэн 31 төгсөгчид ажлын байрны  батламжийг гардуулан өгсөн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Учир нь орон нутагт дутагдалтай мэргэжлээр их дээд сургуульд сурч байгаа оюутны сургалтын төлбөрийг тус аймгийн Засаг даргын Тамгын газар 100 хувь хариуцан төлдөг ажээ. Хөтөлбөр хэрэгжсэн 2017, 2018, 2019 онд давхардсан тоогоор 349 оюутан хамрагдаад байна. Тэднээс энэ жил төгссөн 31 оюутан ажлын байрны батламжаа гардан авлаа. Сургалтын төлбөрийг нь төлөөд зогсохгүй. Тэднийг ажлын байраар ийнхүү хангаж залуусаа дэмжин ажиллаж байна. Энэ нь орон нутагтаа чадварлаг боловсон хүчнийг ажиллуулах зөв бодлого гэж аймгийн удирдлагууд батламж гардуулах үеэр дуулгав.

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын "Бид хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд 20 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний нэг нь "Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх хөтөлбөр" юм хэмээн ЗДТГ-аас нэмж мэдээлэв.

Холбоотой мэдээ