Л.Мөнхтүшиг: Нутаг буцах хүсэлт гаргасан хүмүүсийн 30-40 хувийг ирэх сард авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2020-07-24 15:38:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны нэгдүгээр сарын дунд үеэс хойш 44 орноос 67 мянга 290 иргэнээ татан авсан талаар Гадаад харилцааны яамны Консулийн газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр “Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хил хаахаас өмнө буюу гуравдугаар сарын 12-ноос өмнө гадаадаас иргэдээ татан авч эхэлсэн. Хил хаасны дараа 14 мянга 371 иргэнээ авто замын болон агаарын замын замаар татан авсан байна. Ингээд нийтэд нь тооцож үзвэл 67 мянга гаруй болж байна” гэлээ.

Одоогоор гадаадаас 11 мянга 951 иргэн эх орондол ирэх хүсэлтийг УОК-ын Шуурхай штабт ирүүлсэн бөгөөд үүнээс 5497 нь өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай зэрэг таван шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй байгаа аж. УОК-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу эх орондоо ирэх хүсэлт гаргасан хүмүүсийн нэрсийг Хувь хүний нууцын тухай хуульд нийцүүлэн ил болгожээ. УОК-оос тавьж буй таван шалгуураас гадна бусад шалтгаантай иргэн олон байна. Тиймээс өмнө нь өргөдөл гаргасан ч ирж чадахгүй олон сар болж байгаа иргэдээ түлхүү татаж авах чиглэл өгжээ. Тиймээс ирэх сард өргөдөл гаргасан хүмүүсийн 30-40 хувь, боломж гарвал 50 хувийг татан авахаар ажиллаж байгааг Л.Мөнхтүшиг танилцууллаа.

Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн өргөдөлд үндэслэн ирэх сард хийх нислэгүүдийн хуваарийг төлөвлөсөн бөгөөд удахгүй болох УОК-ын хурлаар эцэслэн шийдвэрлэх аж.

Холбоотой мэдээ