Элчин сайдуудад хамтарсан үйлдвэр байгуулах санал тавьжээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-24 16:55:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш Монгол Улсад суугаа 11 улс орны Элчин сайдтай танилцах уулзалт хийж зарим мега төслүүдийн хэрэгжилтийн талаар ярилцсан тухай ГХЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос мэдээлэв.


Тухайлбал, Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэр, мөн Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр байгуулсан шинэ нисэх онгоцны буудал зэрэг томоохон төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр улс орны элчин сайдуудтай уулзахдаа цар тахлын улмаас хоёр улсын төлөөлөгчид яриа хэлэлцээр хийх боломжгүй байгаа ч эдгээр хүндрэлийг даван туулж дээрх мега төслийн эрчийг бууруулах ёсгүй гэдэгт Элчин сайдуудтай тохиролцсон байна. 


Ази дахь түнш улс орнууд өнөөг хүртэл хөгжиж ирсэн хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ коронавирусний цар тахал зогсонги байдалд оруулсныг тэмдэглэж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа сэргээх үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна. 


Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Элчин сайдуудтай уулзах үеэр Монгол Улсын Засгийн газраас экспортыг дэмжих бодлогыг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгааг тэмдэглээд, үүнд Элчин сайдууд идэвх, санаачилгатай хандаж бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг хоёр талын хамтарсан үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавьжээ. Ингэснээр, ажлын байр бий болж экспорт нэмэгдэнэ гэдгийг тодотгосон хэмээн ГХЯ-ны Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос мэдээлэлдээ тэмдэглэв. 


Энэ онд Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, БНСУ- тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, харамсалтай нь коронавирус цар тахлын нөхцөл байдлаас болж эдгээр чухал ач холбогдолтой ойг хүссэн хэмжээнд тэмдэглэх боломжгүй байгааг тэрээр мэдээлэлдээ дурдлаа. Тэрбээр," Цар тахлын нөхцөл байдал намжсан үед чухал арга хэмжээнүүдээ зохион байгуулхаар Энэтхэг болон БНСУ-ын талтай бэлтгэл ажлаа хангаад явж байна" хэмээв. 


ХБНГУ-аас коронавирусний цар тахалтэй тэмцэх ажилд зориулж Монгол Улсад нэг сая евро, ЕХ-ноос 37.5 сая еврог тус тус олгохоор болж буйг Элчин сайдууд нь Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзах үеэрээ мэдэгджээ. Харин Франц улстай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд франц технологи нэвтрүүлэх, тус улсын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж дуусгах талаар санал солилцсон байна. 


Гадаад харилцааны сайдын Элчин сайдуудтай хийх уулзалт ирэх долоо хоногт мөн үргэлжилнэ.

О.Сэрүүнээ

Холбоотой мэдээ