Сэтгэцийн эрүүл мэндийн төв фейсбүүкээр зөвлөгөө өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-28 12:07:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний хөл хорионы улмаас иргэдийн сэтгэцэд өөрчлөлт гарч болзошгүй тул Сэтгэцийн эрүүл мэндийн төв фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх болсныг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.


ЭМЯ-наас гуравдугаар сарын 22-ноос эхлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр "1800-2000" дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байв. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 3231 иргэн холбогдож зөвлөгөө авсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа өргөжүүлж зайнаас буюу фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлжээ. Ингэхдээ, фейсбүүкийн хайлт хэсэгт “Сэтгэцийн эрүүл мэнд, онлайн мэдээлэл зөвлөгөө” гэж бичиж чат, видео мессенжерээр мэргэжлийн сэтгэцийн эмчтэй холбогдож зөвлөмж авах боломжтой аж. 


Ташрамд дурдахад, ХӨСҮТ болон ЭМЯ төрийн 23 байгууллагын оролцоотойгоор шинэ коронавирусний эрсдэлийн 10 дахь үнэлгээ хийжээ. Тус үнэлгээгээр манай улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарчээ. 


Г.Удвал

Холбоотой мэдээ