Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-30 19:35:26

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын зүгээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “Хууль тогтоомж сурталчлах үйл ажиллагааг хөдөөгийн сум, багийн нутаг дэвсгэрт үе шаттай зохион байгуулж байна.

Тодруулбал, Ховд аймгийн Цагдаа, Прокурор, БОАЖГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүхийн шинжилгээний алба, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтарсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн сумын Хонгио, Намарзан багт ажиллалаа. Энэ үеэр тус багуудын малчин өрхийн төлөөлөл 120 орчим иргэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, цаашдын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо, холбогдох хууль тогтоомжийн талаар  мэдээлэл хийсэн юм. Мөн иргэдэд тулгамдаж буй асуудал, төрийн үйлчилгээний тухай  харилцан санал солилцсон байна. 

Түүнчлэн Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Би хороохгүй”, “Яараад яахав дээ”, “Ирлээ явлаа цэвэр” зэрэг аяны талаар сурталчилж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн иргэдэд таван төрлийн 750 ширхэг санамж, сэрэмжлүүлэг тараан өгсөн байна.  Мэргэжлийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг үргэлжлүүлэн Ховд, Дуут суманд тус тус ажиллаж, хууль тогтоомж сурталчлах замаар иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх юм.  

Холбоотой мэдээ