Хөвсгөлд явган алхалтын холбоо байгуулагдлаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-07-31 12:15:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт явган алхалтыг бүх нийтийн эрүүл мэндийн хөдөлгөөн болгож хөгжүүлэх, иргэдийг  эрүүл, чийрэг, урт наслуулахад хувь нэмрээ оруулах зорилготой Монголын явган алхалтын холбооны салбар холбоо байгуулагдлаа.

Тус холбоо анхны алхалтаа Бурхант уулын агуй хүртэл 10 км-т амжилттай хийсэн байна. Нээлтийн алхалтад Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийг зорьж аялал хийж яваа алхагчаас эхлээд холбооны анхны гишүүд, мөн ахмад алхагч нар оролцсон бөгөөд цаашид 7 хоног бүрийн лхагва, бямба гарагуудад алхалтын хөтөлбөрийг тогтмол зохион байгуулагдах гэнэ.



Хөвсгөл аймгийн явган алхалтын холбоог "Хөвсгөл хоризон" kлубыг санаачлан байгуулж  2 жил хугацаанд олон төрлийн алхалтын амжилттай зохион байгуулсан туршлагатай Н.Уртнасан ахалж байна.  


Тэрбээр “Манай  холбоо нь явган алхалтаар иргэдийн эрүүл мэндийг дэмжих, нөхөрлөх, олон улсын алхалтын хөтөлбөрүүдээр дамжуулан нөхөрлөлийн хил хязгаараа тэлэх, байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлах, хамгаалах зэрэг олон боломжийг олгох зорилготой Монголын явган алхалтын холбооны албан ёсны салбар юм. Алхалт аялал сонирхдог хэн бүхэнд нээлттэй бөгөөд  алхалт нь гэртээ, ажлын байрандаа, дороо алхах гэх мэт тусгай нөхцөл, тоног төхөөрөмж шаардагдахгүй, тохиромжтой цагаа өөрөө сонгон өөртөө тохируулан хийж болох дасгал юм” гэдгийг онцолж байлаа.

 

 

Холбоотой мэдээ