Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Унгарын Элчин сайдтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-31 17:02:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг хамаарагч Борбала Обрушанскиг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Монгол, Унгарын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төсөл ажил хэрэг болж байгаад талууд баяртай буйгаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов.


Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зарим ажлыг цар тахлын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах, Унгарын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг татан авах, хамтын ажиллагааны дараагийн төслийн яриа хэлэлцээг эхлүүлэх чиглэлээр ажиллахаар талууд тохиров.

Холбоотой мэдээ