Хэнтий аймагт үерийн ус зайлуулах суваг барьж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-07-31 22:25:21
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Чингис хотод үерийн ус зайлуулах 7,4 км урттай суваг татах ажил өрнөж байна. Барилга, хот байгуулалтын яамнаас тендер зарлаж, ажил нь өнгөрсөн зургаадугаар сараас ажил нь эхэлсэн. Тэгвэл өнөөдөр дээрх ажлын явцтай Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба танилцлаа.
Ус зайлуулах суваг барих ажлыг “Усны барилга” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нэг сар гарны хугацаанд 400 метр суваг ухсан байна. Суваг нь бетон тогоотой учраас өөрсдөө хавтангаа цутгаж байгаа гэв. Хавтан нь 2,5*1,5 метрийн харьцаатай 15 см зузаантай хавтан аж. Яамнаас зарлагдсан тендерт нэг км суваг барих тендер зарлагдсан. 960 сая төгрөгөөр гүйцэтгэхээр сонгон шалгарч ажлаа эхэлсэн гэдгийг компанийн захирал Л.Авирмэд мэдээллээ. Тухайн компани 16 ажилчин зургаан техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд, арматур зангидаж, бетонаа стандартын дагуу цутгаж, горимын дагуу хатаавал 2020 оны 11 дүгээр сарын нэгэн гэхэд нийт ажлынхаа 70 хувийг гүйцэтгэнэ гэлээ.
“Усны барилга” ХХК ирэх оны долдугаар сарын нэгэн гэхэд нийт ажлаа гүйцэтгэх бөгөөд 7,4 км урттай үерийн ус зайлуулах сувгийн ажлын хоёр дахь шатны тендерийн ажил ирэх жил зарлагдана гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Харин аймгийн Засаг дарга Н.Ганбямба 2008 оноос хойш Чингис хотод хоёроос гурван удаа гамшгийн хэмжээнд хүрэхүйц үер болсон. Тиймээс Хэнтий аймаг уулын уснаас сэргийлэх, мөн аймгийн төвдөө ус зайлуулах системтэй байх ёстойг чухалчлаад, энэ талаар шуурхайлан ажиллаж буйгаа сонордууллаа. Нийтдээ 13 тэрбум төгрөгөөр 7,4 км суваг, хот доторх ус зайлуулах систем барих тооцоо гарсан гэдгийг тэрбээр мэдэгдлээ.
Холбоотой мэдээ