Улсын их дэлгүүрийн галын шалтгааныг тогтоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Улсын Их дэлгүүр” ("УИД") ХК-ийн барилгад 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр гал гарч барилгын зарим хэсэг шатсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас шалгалт, мөрдлөг хийж, шинжээчдийн дүгнэлт гарсан байна.
Дүгнэлтээр “Тус барилга дээр дээврийн ажил хийж байсан "Ай Ти Эн" ХХК-ийн ажилчид хар цаасыг халааж, хайлуулан наах ажил хийх явцдаа гал алдаж гал түймэр гарахад хүргэсэн” гэж тогтоожээ. Уг хэрэгт ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд УИД ХК болон түрээслэгч нарын хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Галын аюулын улмаас тус компанид ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд энэхүү хохирлыг дотоод хүчин чадлаараа барагдуулан даван туулах боломж бололцоо хомс учраас “Номин Холдинг” ХХК болон түүний хамаарал бүхий компаниудаас ажиллах хүч, санхүүгийн туслалцаа авсны үр дүнд энэ оны 7 дугаар сарын 3-наас тус дэлгүүрийн 1 болон 2 давхрын засварын ажлыг гүйцэтгэн хэвийн ажиллагаанд оруулжээ.
Түүнчлэн, "УИД" ХК нь үл хөдлөх хөрөнгийн даатгал, тус дэлгүүрт үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгч нар нь гэрээнд заасны дагуу бараа материалын даатгалд хамрагдсан болохыг "УИД" ХК-ийн зүгээс мэдэгдлээ.