Атомын бөмбөгдөлтөд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-06 14:45:41

ТОКИО. /TASS/. Одоогоос 75 жилийн өмнө Америкийн атомын бөмбөгдөлтийн уршгаар амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаа Хирошима хотын төв дэх Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр болж байна. Коронавирусний цар тахалтай холбоотой нөхцөл байдлын улмаас ёслолын ажиллагаа хязгаарлагдмал хүрээнд явагдаж байгаа юм.


Япончууд уламжлал ёсоор 1945 оны наймдугаар сарын энэ өдөр Хирошима хотод атомын бөмбөг хаясан мөч буюу 08 цаг 15 минутад нэг минут дуугаа хураан амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ. Үүний дараа Хирошима хотын дарга Казуми Мацуи, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар үг хэлжээ. Коронавирусний цар тахал дэгдээд байгаа хэдий ч ёслолын ажиллагаанд Засгийн газрын тэргүүнээс гадна хэд хэдэн сайд, өндөр дээд албан тушаалтнууд хүрэлцэн иржээ.


Коронавирусний цар тахлын аюул

Хүн төрөлхтөн нэгдэж чадвал коронавирусний цар тахлын аюулыг давж гарч чадна гэдэгт итгэлтэй буйгаа Хирошима хотын дарга Казуми Мацуи илэрхийлжээ.


“Хүн төрөлхтөнд шинэ аюул учраад байна. Гэсэн ч өнгөрсөнд тохиосон эмгэнэлт үйл явдлаас авсан сургамжаараа бид энэ аюулыг даван туулах ёстой. 1918 онд томуугийн цар тахал дэгдэж, хэдэн арван сая хүний амийг авч одсон бөгөөд дэлхийн нэгдүгээр дайнд тулалдаж явсан улс орнууд нэгдэж чадаагүйн улмаас цар тахал дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан юм.


Өнгөрсөнд болсон энэхүү аймшигт үйл явдал дахин давтагдах ёсгүй. “Манай улс бүхнээс дээгүүр” гэх зарчмаа иргэний нийгмүүп хаяж, нэгдэх хэрэгтэй байна” хэмээн  хотын дарга онцлон тэмдэглэжээ. Тэрбээр мөн 2017 онд баталсан, цөмийн зэвсгийг хориглох тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлахыг Японы Засгийн газарт уриаллаа.


Ерөнхий сайд үг хэлэв

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо үг хэлэх үеэрээ цөмийн зэвсгээс татгалзахыг дэлхий дахинд уриалжээ. “Олон улсын хамтын нийгэмлэг нэг зорилгод хүрч, цөмийн зэвсэггүй энх тайвныг бүтээхийн тулд хамтдаа урагшлах ёстой" гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 


Хирошима, Нагасаки хотын оршин суугчдад тохиосон эмгэнэлт явдал дахин давтагдах ёсгүйг тэрбээр мөн онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ