Улаанбаатар ухаалаг хотын хатуу дэд бүтэцтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-05-16 13:13:10

Ухаалаг хотын шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч “Сиско”  компани нь "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөөг боловсруулан Нийслэлийн удирдлагад өнөөдөр гардууллаа.

"Сиско" компани ухаалаг хотын хатуу дэд бүтцийг бий болгох шийдэл, аргачлалууд тооцооллын  нэгдсэн төлөвлөгөөг гаргажээ. Төслийн хүрээнд эхний ээлжинд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай 58 шийдлийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг тусгажээ. Тодруулбал олон нийтийн газарт байршуулах боломж бүхий Ухаалаг киоск, иргэд хол ойроос үл хамааран эмчийн үзлэг, шинжилгээ, заавар зөвлөгөөг авах, нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, түгжрэлийг бууруулах олон үр ашигтай шийдлүүд багтсан аж.

Энэхүү мастер төлөвлөгөөний дагуу боловсруулсан нийт шийдлүүдийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд 4-6 жил шаардагдах юм байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 90 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн албаныхан хэллээ. Эхний ээлжинд "Ухаалаг хотхон" төслийг зургаадугаар сард Сискогийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулахаар төлөвлөж байгааг Хотын дарга Э.Бат-Үүл онцлов.

“Сиско” компани өөрийн хөрөнгөөр 13 боть баримт материалыг бэлтгэжээ. Олон улсын нэр хүндтэй компаниар мастер төлөвлөгөө хийлгэснээр Улаанбаатар хөрөнгө оруулагчид орж ирэх том гүүр болсныг мэргэжилтнүүд тодотголоо.

Б.Заяа

Холбоотой мэдээ