Монгол Улсад өнгөрсөн долоо хоногт COVID-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-09 12:30:02
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бямба гарагт улсын хэмжээнд гурван лабораторид 592 сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсныг ЭМЯ-наас мэдээллээ.


Дээрх шинжилгээнд 7 сарын 20-нд Сөүлээс тусгай нислэгээр ирсэн 265 хүний давтан шинжилгээ, 8 сарын 8-нд Токиогоос ирсэн 259 хүн, тусгаарлалтад буй 9 хүн, ХӨСҮТ-ийн 23 эмч, Дархан-Уул аймгийн 6 хүн, Сэлэнгэ аймгийн 1 хүний шинжилгээ багтжээ.


Харин өнөөдөр 3 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч сувилалд шилжиж байна. Тэдний  нэг нь жолооч, хоёр нь Афганистанд алба хааж байсан энхийг сахиулагчид аж.


Өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 293, үүнээс 263 нь эдгэрээд байна. 


Одоо ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж байгаагаас 29 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Нийтдээ ХӨСҮТ-д 56 хүн эмчилгээ, тандалт ажиглалтад байгаа аж.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр өглөө 6 цагт Франкфурт- Улаанбаатарын тусгай нислэгээр 260 хүн ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн байхгүй. 8 сарын 1-8-ийг хүртэл нийтдээ 4305 хүнд шинжилгээ хийсэн. Дөрвөн удаагийн тусгай үүргийн онгоц хүлээн авч 923 хүн, Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн 243 жолооч, Замын-Үүдэд 150,  нийт 1322 хүн анхны шинжилгээнд хамрагдсан байна. Мөн 2983 хүнд давтан шинжилгээ хийсэн бөгөөд энэ долоо хоногийн бүх сорьцод коронавирус илрээгүй” гэв.


Бямба гарагт шинээр 110 хүн тусгаарлагдаж, 57 хүн гэрийн ажиглалтад байна. Нийт тусгаарлалтад буй 3085 хүнд 33 их эмч, 86 резидент эмч, 69 төрийн албан хаагчид тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Цэргийн төв эмнэлэгт тусгай онгоцоор ирсэн 76 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүнд байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

Г.Бямбалхагва

Холбоотой мэдээ