"Туулын хөндийн  Хүннүчүүд" үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-16 14:43:26

"Олон улсын музейн өдөр"-ийг тохиолдуулан Монгол цэргийн музей, ШУТИС хамтран "Туулын хөндийн Хүннүчүүд" хэмээх түүхэн баримтат үзэсгэлэн нээв.

Евроазийн эсгийн туургатныг нэгтгэсэн нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2225 жилийн ой энэ жил тохиож байгаа. Монголчуудын өвөг дээдэс болох Хүннүчүүд нь хүчирхэг ахуй цагтаа Манжуурын тал нутгаас Тэнгэр уул, Байгаль нуураас их цагаан хэрэм хүртэлх өргөн уудам нутгийг захирч тухайн цагийн өрнө хийгээд дорныг холбосон хамгийн хүчирхэг улсын нэг байсан юм. Хэдийгээр Хүннүгийн хүчирхэг гүрэн 300 орчим жил оршин тогтноод, гадаад дотоод олон шалгааны улмаас мөхсөн хэдий ч тэдний үлдээсэн өв Монгол Улсын нутаг дэвсгэрээс олон тоогоор илэрч олдсоор байгаа юм. Тэдгээрийн нэгээхэн хэсэг нь ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбарын судлаачид, Монгол цэргийн музейтай хамтран сүүлийн жилүүдэд археологийн малтлага судалгаа явуулсан Булган аймгийн Дашинчилэн сумын элст ар, УБ хотын Зүүн салаа, Бишрэлтийн ам, Төв аймгийн Заамар сумын Бор толгой зэрэг Туул голын хөндийд буй дурсгалт газрууд юм. Дээрх дурсгалт газруудад явуулсан археологийн малтлага судалгаагаар илэрч олдсон Хүннүгийн үеийн гайхалтай олдворууд нь бидний өвөг дээдсийн аж ахуй, соёл, ертөнцийг үзэх үзэл, ахуй амьдралын олон талт асуудлыг тодруулахад ач холбогдолтой юм. 

Монгол цэргийн музейд амралтын өдөр нээсэн үзэсгэлэнг БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХИС-ийн эрдэмтэн судлаачид, Монгол цэргийн музейн дарга, дэд хурандаа Ж.Гантулга нар оролцов

Энэхүү үзэсгэлэнд ШУТИС-ийн Археологи, угсаатны сан хөмрөгт хадгалагдаж буй Хүннүгийн үеийн түүх, соёл, аж ахуй, цэрэг зэвсэг, оюун санааны амьдралын ул мөрийг хадгалсан 200 орчим үнэт ховор олдворуудыг дэлгэн, олон түмэнд толилуулж байна. Дашрамд дуулгахад,  жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг Олон улсын музейн өдөр болгон тэмдэглэдэг билээ. 2016 оны Олон улсын музейн өдөр “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд зохиогдож байгаа юм. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ