Буган хөшөөнүүдийг шинээр илрүүлэн баримтжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-13 11:33:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан, Мөст, Зэрэг сумын нутгаас өмнө нь судалгааны эргэлтэд ороогүй таван ширхэг буган хөшөө шинээр илрүүлэн баримтжуулжээ.

Эдгээр буган хөшөөг Ховд аймгийн Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн Түүхийн багш нар 2020 оны наймдугаар сарын 6-ны өдөр илрүүлсэн байна. Мөн газарт олон жил хэвтсэн зарим хөшөөг суурин дээр нь босгожээ.

Ази, Европ тивийг дамнан оршиж, хоёр зууны турш судлагдахдаа 1500 гаруй тоотой олдож буй гайхамшигт нэгэн дурсгал бол буган хөшөө юм. Уг дурсгал нь Монгол орны нутаг дэвсгэрт 1300 гаруй байгааг буган хөшөө судлаач эрдэмтэн Ж.Баярсайхан "Умард нутгийн буган хөшөөнүүд" бүтээлдээ тэмдэглэсэн байдаг аж.

Үүнээс Ховд аймгийн нутаг дэвсгэрт нийт 155 буган  хөшөө бүртгэгдсэн байдаг.  Тэгвэл энэ удаа Манхан сумын нутгаас хоёр, Зэрэг сумаас хоёр, Мөст сумаас нэг  нийт таван буган хөшөө шинээр илрүүлснээрээ онцлогтой. Ингээд Зэрэг сумын нутаг дэвсгэрт анх удаа буган хөшөө дурсгал бүртгэгдэж буй нь энэ юм. 

Буган хөшөөнд ихэвчлэн буга дүрслэгдсэн байдаг.  Харин энэ удаа Манхан сумын нутгаас олдсон нэгэн хөшөөний дөрвөн талд морь дүрсэлсэн байгаа нь бусдаасаа ялгарах гол шинж болно. Эдгээр буган хөшөө он цагийн хувьд хүрэл зэвсгийн үеийн дурсгал гэж Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн Түүхийн багш нар мэдээллээ.


 

Холбоотой мэдээ