Л.Баттүвшин: Тархи судлал нь суурь шинжлэх ухаан учир бид хөгжлөөс хоцорч болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2020-08-14 18:06:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн тархи судлалын байгууллага, АШУҮИС-ийн харьяа Тархи судлалын хүрээлэн, Монголын нейросайнсын нийгэмлэг хамтран "Тархи судлалын шинжлэх ухаан-2020" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг манай улсад цахимаар зохион байгуулж байна. Үүний өмнө “Тархи судлалын үндсэн техникүүд” сургалтыг АШУҮИС-д явуулсан юм. Олон улсын хурлын талаар АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор  Л.Баттүвшингээс тодрууллаа. 


-Тархи судлалын олон улсын хурлыг манай улсад жил бүр зохион байгуулж байгаагийн ач холбогдол юу вэ? Энэ чиглэлээр манай эрдэмтэн, мэргэжилтнүүдэд юу үлдэж байна? 

-Манай улс Дэлхийн тархи судлалын байгууллагын Ази Номхон далайн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилладаг юм. Тийм учраас Дэлхийн тархи судлалын байгууллагатай хамтран “Тархи судлалын үндсэн техникүүд” сургалтыг зохион байгуулж ирлээ.  Бид анх Дэлхийн тархи судлалын байгууллагын гишүүн болох хүсэлтээ 2013 онд гаргаж, 2014 онд албан ёсны гишүүн болсон юм. Тэр үеэс Дэлхийн байгууллага биднийг дэмжиж, 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний чуулганаа хийсэн. Бүр Нобелийн шагналтныг урьж авчирсан. Түүнээс хойш жил бүр манай улсад олон улсын хурал болох болсон. 

Эндээс бидэнд юу үлдэж байна гэхээр тархи судлал нь байгалийн суурь шинжлэх ухаан учир бид хөгжлөөс хоцорч болохгүй гэдгээр юм сурч, судалгаа хийх хэмжээнд хүрлээ. 


Тархи судлал нь биологийн шинжлэх ухаанд багтаж, хүний тархинаас гадна бусад амьд биетүүдийн тархийг судалдаг. Зөвхөн тархи биш мэдрэлийн эрхтэн тогтолцоог судалдаг. Мэдрэлийн эрхтэн тогтолцоог судлах нь техникийн хөгжил ямар түвшинд явж байгаатай холбоотой. Тархи бол ухамсартай холбоотой, сэтгэл нь зүрхтэй холбоотой гэсэн ойлголт дөнгөж ХХ зууны эхэн үед мэдрэлийн эс буюу нейрон гэдэг зүйлийг микроскопын тусламжтай анх олж харснаар өөрчлөгдсөн. Бөөр, элэг бусад эрхтний эсээс юугаараа ялгаатай гэдгийг ялгаж оношилж чаддаг болсон. 

Испанийн нэрт эрдэмтэн, Нобелийн шагналт Кхал гэдэг хүн нейроныг анх микроскопоор олж харсан. Тархинд мэдрэлийн эсүүд маш нарийн зохион байгуулалттай байрлаж, хэдэн үе давхарга үүсгэдэг, эндээс тархи судлалын шинжлэх ухаан үүсэж хөгжсөн гэж үздэг. Зөвхөн хүний хэл яриаг удирдаж байгаа 3000 орчим нейрон эс байдаг. Үүнийг нэг бүрчлэн судлах аргыг дэлхийд саяхан нээгээд байна. 


-Манай улсад хэдийнээс судалж эхэлсэн бэ?

-Анх бид Монголд 2013 онд тархи судлалын Нейросайнсын нийгэмлэгийг үүсгэн байгуулсан. Энэ нийгэмлэгээс тархи судлал Монголд үүссэн гэж хэлж болно. Тархи судлалыг Монголд үүсгэж, хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой юм гэвэл энэ судлалыг салбар шинжлэх ухаан гэж ойлгохоос илүүтэй хамгийн үсрэнгүй хөгжиж байгаа, тэргүүлэх шинжлэх ухааны нэгд тооцох болсонтой холбоотой. Тэргүүлэх 3 том шинжлэх ухаан байдаг.

Нэгдүгээрт, бид хаанаас ирсэн, үүсэл гарал юу гэдгийг судалдаг сансар судлалын шинжлэх ухаан. Хоёрдугаарт, энерги, цөмийн технологийн шинжлэх ухаан. Энд асар их хөрөнгө зарцуулж байна. Биологийн шинжлэх ухаанд тархи судлалын шинжлэх ухаан илүү их санхүүжилт авах болсон. АНУ 2020 онд энд 46 тэрбум ам.долларын санхүүжилт оруулаад байна. 

Барууны орнууд мэдрэлийн эсийг нэг нэгээр нь таньдаг шинэ технологи нээж шинэ шинэ хөтөлбөрийг уралдан хэрэгжүүлж байна. Үүнийг хөгжүүлэхгүйгээр хиймэл оюун ухааны дараагийн алхмыг хийж чадахгүй гэдгийг хэдийн ойлгоод эхэлсэн. Хиймэл оюун ухаан гэдгээр хүний тархины бүтцийг компьютерт орлуулан хийж энд 1.6 тэрбум долларын санхүүжилттэй хөтөлбөрийг хийж байна. Манай улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг тархи судлалд зарцуулж байна. 


Манай улсад тархи судлалын чиглэлээр их сургуулийн боловсрол олгодог байх ёстой. 


Манай улс үүнийг яагаад хөгжүүлж чадахгүй байх вэ гэдэг үүднээс бид судалгаа эхлүүлж одоо Узбек, Казахстан зэрэг Төв Азийн бусад улсаас нэг алхам илүү явж байна. Учир нь манайх улс төр, нийгмийн шинэчлэлийг хийчихсэн улс. Тийм учраас бид тэд нартай өөрсдийгөө жишихгүй. Бид Орос, Хятадтай л өөрсдийгөө жишнэ. Тархи судлал шинжлэх ухааны хөгжлийн түлхүүр болох нь ээ. Тэгвэл бид тархиныхаа нууцын өчүүхэн хэсгийг мэдэж байна. Цаана нь асар их нөөц боломж байна. Энэ рүү бид нэвтрэх ёстой юм. 

Тархи судлалыг хөгжүүлэх болсон бас нэг өөр шалтгаан гэвэл, бид монгол хүн гэдгээ энэ судлалаар дамжуулан мэдэх хэрэгтэй байна. Өсөж төрсөн нутаг, идэж буй хоол унд, ус ундаа гээд энэ бүгд монгол хүнийг бий болгож байгааг цогцоор нь судлах шаардлагатай. Энд нийгэм, сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлал, мэдрэлийн судлалынхан бүгд орох хэрэгтэй. Тэгэж байж бид өөрсдийгөө, монгол хүн гэдгийг тодорхойлно. Наад зах нь монгол хүний оюун ухаанд юу нөлөөлж байна гэдгийг мэдмээр байна. 

Тархи судлал бол өөрийгөө судалж байна гэсэн үг. Яаж урт наслах вэ гэдгээ. Хүнийг өдөр бүр хооллоод, хөдөлгөөн хийгээд байвал хүн 120 хүртэл насалж болно. Харин тархи үхдэг. Бага багаар үхсээр байгаад зөнөгөрдөг. Биологийн үхэл бол зөнөгрөл буюу тэнэг болоод үхэх. Нэг ёсондоо нас дээр гарсан хүн таньдаг хүнээ танихаа байдаг нь тэр юм.

Тиймээс дэлхийн улс орнууд тархи судлалд анхаарч, асар их санхүүжилт гарган энэ шинжлэх ухааныг хөгжүүлж байна. Хэдийгээр тархи судлал нь шинэ шинжлэх ухаан ч гэсэн түүгээр тэргүүлж буй улсууд пуужингийн хурдаар явж байгаа нөхцөлд бид үхэр тэрэг шиг яваад тэднийг гүйцэхгүй. Тийм учраас одоо хөгжиж буй дээр нь бага ч гэсэн бид урагшилж байх хэрэгтэй. Ийм учраас бид явж байна. 


-Эрдэмтэд та бүхэн санаачлаад, сургууль тань дэмжээд Тархи судлалын хүрээлэнтэй болж судалгаа хийж буй нь сайхан эхлэл байна. Улсаас яаж дэмжих ёстой вэ? 

-Бид ирээдүйгээ бодвол суурь шинжлэх ухааныг Монголд хөгжүүлэх бодлого хэрэгтэй байна. Тиймээс уг нь тархи судлалын чиглэлээр их сургуулийн боловсрол олгодог байх ёстой. Бусад улсад аль хэдийн энэ чиглэлээр суурь боловсролыг олгоод эхэлсэн. Бид 2020 онд бол АШУҮИС дээр төгсөлтийн дараах тархи судлалын мэргэжлийг олгохыг зорьж байна. Магистр, докторын зэрэг хамгаалж байна.  Үүний дараа бакалаврын зэрэг рүү орох ёстой. Ийм боломж гарч ирнэ. Хүрээлэн бол цэвэр судалгааны ажил, сургалт, гадаад харилцаа, мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байх ёстой. 

Хүрээлэн байгуулагдсанаас хойш бид БНХАУ, БНСУ, Тайваньтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад ажиллаж байна. БНХАУ-ын тархи судлалын лаборатори онцгой нээлт хийсэн. Сармагчныг хувилж чадсан. Энэ бол хүнийг хувилж чадна гэсэн үг. Үүний цаана хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, сэтгэцийн өвчнийг судлах, урт наслах аргыг судлах  зэрэг давхар давхар "ашиг", ач холбогдол байдаг. Бид Харвардад нэг хүнээ явуулсан. БНСУ-ын тархи судлалын хүрээлэн рүү гурван хүн явсан.

Б.Болд. С.Туул

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ