120 өрх орон сууцаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-17 13:16:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын газар нутагт ОХУ-ын эзэмшлийн олон барилга, байгууламж байдаг. Түүний зарим нь Дархан хотод байдаг юм. Үйлчилгээний болон орон сууцны зориулалттай барилгууд бий. 20 гаруй жил түрээслэн амьдарсан оршин суугчид өмчлөх талаар шат шатны байгуулга, холбогдох албан тушаалтан, УИХ-ын гишүүдэд санал хүргүүлж байсан ч төдийлэн биелэлээ олж байгаагүй.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ дахь айлчлалын үеэр дээрх барилга, байгууламжийг Монголын талд шилжүүлэх эхлэл тавигдсан бөгөөд зарим барилгыг эзэмшүүлэх болон өмчлүүлэх эрх нь өнгөрсөн тав дугаар сард нээгдсэн билээ. Түүний дотор Дархан-Уул аймгийн Дархан сумын  4 дүгээр багийн МОНТА гэх тодотголтой 3,4-р байрыг өмчлүүлэх шийдвэр гарч, өнөөдөр тухайн оршин суугчдад эзэмшүүлэх эрхийн бичгийг гардууллаа. Тус бүр нь 60 өрхтэй байрны 120 орчим иргэн эзэмших эрхийн бичгээ авч, захиран зарцуулах, гэрчилгээ авах боломжтой болж байна. Орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, холбогдох албан тушаалтан, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Т.Ганболд нарын удирдлагууд оролцож гэрчилгээ гардуулан өглөө. Дээрх хоёр орон сууцыг оршин суугчдад эзэмшүүлэх тал дээр УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн оролцоо маш их байсан, ихээхэн анхаарал хандуулсаныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл энэ үеэр онцолсон.

Цаашид аймгийн хэмжээнд буй ОХУ-ын эзэмшилд байгаа барилга, байгууламжийг Монголын талд шилжүүлэх ажил үргэлжлэх аж. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төмөр замын долоо дугаар байрыг шилжүүлэх тал дээр ОХУ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж санал солилцсон байна. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харъяанд байдаг тул бага зэрэг хугацаа орох талаар тэрээр мэдэгдэж байлаа. 20 гаруй жил түрээс төлөн амьдарч байсан орон сууцаа өмчлөх эрх нь нээгдсэнд иргэд, оршин суугчид талархалтай байхын зэрэгцээ Монгол Улсын засгийн газар, энэ ажилд идэвхитэй оролцсон орон нутгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүдэд талархсанаа илэрхийлж байлаа.

Холбоотой мэдээ