Аудитаар 705 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцуулав. Үндэсний Аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ.
Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 164 тайлан нэгтгэгдсэнээс 119 байгууллагад санал, дүгнэлт гаргаж, 41 байгууллагад аудитын түүвэрт хамрагдан, 4 байгууллагад итгэл үзүүлжээ. Санал, дүгнэлт гаргасан 119 байгууллагаас 103 байгууллагад зөрчилгүй, 8 байгууллагад хязгаарлалттай, төсөл хөтөлбөрийн 8 нэгжид аудит хийжээ. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 705.4 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 225.4 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 131.1 тэрбум төгрөгийн зөрчилд 36 албан шаардлага, 185.6 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 176 зөвлөмж өгсөн байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд дараах асуудлуудад зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Санхүүгийн тайлантай холбоотой: Санхүүгийн нэгтгэсэн тайланд урт хугацаатай хөрөнгө оруулалт 46 тэрбум, төрийн өмч 6.5 тэрбум, хуримтлагдсан үр дүн 39.5 тэрбум төгрөгийн дүнтэй 8 данс нэгтгэгдсэн ба эдгээр дансны хөрөнгийн дүн шат шатны төсөв захирагчийн санхүүгийн тайланд нэгтгэгдэхгүй, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд шууд нэгтгэж байна гэлээ. Харьяа төрийн өмчийн хувьцаат компаниуд болон бусад оруулсан хөрөнгө оруулалтыг харьяалах төсөв захирагчийн санхүүгийн тайланд тайлагнаж, баталгаажуулж байх, бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гэлээ.
Дамжуулан зээлтэй холбоотой: Гадаад зээлээс дамжуулан зээлдүүлсэн 4 төсөл арга хэмжээний 102.1 тэрбум төгрөгийг эдийн засгийн ангилалд зөрүүлэн дотоод зээлийн эргэж төлөгдөх зээлийн эдийн засгийн ангилалд тайлагнасан нь нийт эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх 11 төсөл арга хэмжээний санхүүжилт, гүйцэтгэлээр 239.9 тэрбум төгрөг байгаа ба батлагдсан төсвөөс 118.9 тэрбум төгрөгөөр хэтэрсэн. Зээлийн батлан даалтын тогтолцоог сайжруулах замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх төслийн зээлийн эх үүсвэрээс Зээлийн батлан даалтын санд дамжуулан зээлдүүлсэн 58.6 сая ам.долларын гэрээг төгрөгөөр байгуулж, 6.3 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний алдагдал хүлээжээ. Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг мөрдөж ажиллах, дамжуулах зээлийн гэрээг тухай зээлийн нөхцөлтэй уялдуулан, төсөвт аливаа төлбөрийн нэмэлт дарамт учруулахгүй байх зарчмыг баримтлан байгуулах нь зүйтэй гэв.
Төсөл хөтөлбөрийн нэгжтэй холбоотойгоор, дууссан төслийн 146.5 тэрбум төгрөгийн дамжуулан зээлийн өглөг, 179.8 тэрбум төгрөгийн нийт хөрөнгийн дүнтэй ажил, чиг үүргийг эрх бүхий байгууллагаар шийдвэрлээгүй, статус нь нарийн тодорхойлогдоогүй 2 санхүүгийн тайлан нэгтгэсэн байна. Үүнээс 15.9 тэрбум төгрөгийн дамжуулан зээлийн өглөг, авлагын тооцоо нийлсэн акттай 5.1 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байгаа гэв. “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэгч нэгж нь анхан шатны баримтын бүрдэл дутуу, үндсэн хөрөнгө, бараа материалыг бараа үйлчилгээний зардлаас бэлтгэж зориулалт бус зардал гаргасан байна. Дууссан төслийн хаалтын санхүүгийн тайлан гарган, хөрөнгө эх үүсвэрийг хууль журмын дагуу шилжүүлж ажиллаж байх, төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, үр дүнг тайлагнаж байх шаардлагатай гэв.
Харьяа газруудад дараах алдаа зөрчил илэрсэн болохыг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцуулсан. Тухайлбал, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 7 төсөл хөтөлбөр, нэгж, Татварын ерөнхий газрын харьяа Багахангай дүүргийн татварын хэлтсийн 2019 оны санхүүгийн тайланд хязгаарлалттай дүгнэлт өгчээ. Харъяа байгууллагуудын санхүүгийг аудитаар нийт 161.4 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 105.9 тэрбум төгрөгийн 83 алдааг залруулж, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 36 албан шаардлага, 54.9 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 173 зөвлөмж өгсөн гэлээ. Харъяа байгууллага болон төсөл хөтөлбөрийн дамжуулан зээлийн авлага, өр төлбөрийг санхүүгийн тайланд бүртгэх, тооцоо нийлж баталгаажуулах, барагдуулах, төслийн нэгжийн зарцуулалт, бүртгэл тайлагналыг сайжруулах, санхүүгийн бодлогоор хангаж ажиллах үр дүнг дүгнэж байх шаардлагатай гэдгийг дүгнэлтэд дурджээ.
Аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Х.Булгантуяа нар асуулт асууж, Сангийн сайд болон Үндэсний Аудитын газрын холбогдох албан тушаалтнуудаас хариулт, тодруулга мэдээлэл авлаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар аудитын байгууллагын зөвлөмжтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг эргэх харах нь зүйтэй гэдэг санал хэлэв. Аудитаар илэрсэн алдаа, дутагдалтай асуудлуудыг хугацаа алдалгүй шийдвэрлэх гарцыг Сангийн яам тэргүүтэй холбогдох төрийн байгууллага шийдэх шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө нь төсвийн мөнгө биш учраас иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэх, эм эмнэлгийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хуулийн дагуу зарцуулах, бялдаржуулах танхимуудад олгохоор төсөвлөсөн хөрөнгийг зарцуулах чиглэлд ажиллах шаардлагыг С.Одонтуяа гишүүн дэлгэрэнгүй тайлбарлав. УИХ-ын гишүүн С.Амарсайхан Үндэсний Аудитын газар төрийн албаны бүх шатыг хамарч ажилладаг, гаргасан зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хянадаг байх, төрийн албыг чадавхжуулах шаардлагын талаар санал хэлсэн. Ноднингийн төсвийн гүйцэтгэлийг сайтар хянах нь 2020 оны төсвийн тодотголтой холбоотой шийдвэр гаргахад чухал гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хэлж, тодорхой нэгжийн зардлын задаргааны талаарх мэдээллийг хүссэн. Мөн тэрбээр гадаад хөрөнгө оруулалтын Монгол Улс дахь эдийн засгийн үр өгөөж, татварын мэдээлэл, арилжааны банкны ажлын үр өгөөжийн талаар анхаарах шаардлагын талаар хэлж, холбогдох мэдээллийг хүссэн юм. УИХ-ын гишүүн Б.Жавхлан зөвлөмж, дүгнэлтээ бодитой гаргах тал дээр Үндэсний Аудитын газар анхаарах саналыг хэллээ.
Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.