Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг бүх талаар дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-19 14:41:05
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн  үйл ажиллагаатай танилцлаа.


Төслийн хүрээнд газрын тос боловсруулах үндсэн технологийн 12 байгууламж, дагалдах байгууламж, дэд бүтэц, үйлдвэрийн хотхон барина. Бүтээн байгуулалт нь:

- Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажил

- Анхдагч процессийн болон дагалдах байгууламжууд

- Үйлдвэрийн цахилгаан станц

- Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд гэсэн дөрвөн үе шатнаас бүрдэх бөгөөд нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу явж байгааг үйлдвэрийн удирдлагууд тэмдэглэв.


Үйлдвэр 2024 онд ашиглалтад орж, жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулна. Ингэснээр жилд 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган тонн автобензин, 824 мянган тонн дизель түлш, 80 мянган тонн онгоцны түлш, 47 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэх юм.


Манай улс жилдээ 1 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн гадаадаас худалдан авдаг. Харин тэр мөнгө дотоодод үлдэхийн хэрээр валютын ханш тогтворжих бөгөөд ДНБ 10 гаруй хувиар нэмэгдэж, улс, орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллароор өсөх урьдчилсан тооцоо гарсан. Түүнчлэн 600 ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих юм.



2017 онд байгуулсан “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь 70 гаруй инженер, техникийн ажилтантай бөгөөд нийт ажиллагсдын талаас илүү хувь нь гадаадад боловсрол эзэмшжээ.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар эрчим хүч, газрын тос, эрүүл хүнснийхээ хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, улмаар экспортлох зорилт тавьж байгааг хэлээд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.


Холбоотой мэдээ