Зээлийн хүүг 4 нэгжээр бууруулах хөтөлбөр бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-19 16:02:22
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зээлийн хүүг 4 нэгжээр бууруулах хөтөлбөрийн төслийг боловсруулан өчигдөр УИХ-ын даргад танилцуулсан бол өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар төслийг дэмжжээ. Төслийг энэ долоо хоногт багтан УИХ-д өргөн барих хүлээлттэй байгаагаа Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.


Өнөөдөр банкны зээлийн дундаж хүү 16.3 хувь байгаа нь 2016 онд 20.6 хувь байснаас 4 нэгжээр буурсан үзүүлэлт аж. 


"Банкны зээлийн хүүгийн 60 орчим хувь нь эх үүсвэрийн хүү, 17 орчим хувь нь банкны үйл ажиллагааны зардал, 11 хувь нь зээлийн эрсдэлтэй холбоотой зардал, үлдсэн нь банкуудын өрсөлдөөн, төвлөрөлтэй холбоотой зардалд зарцуулагдаж байна. Энэ бүгдийг судлаад хаана нь ямар бодлогын арга хэмжээ авбал зээлийн хүүг дахин 4 нэгжээр бууруулах орон зай гарахыг судалсан. Ойрын 3-4 жилд зээлийн хүүг 4 нэгжээр бууруулахыг зорьж байна" хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярив.


Харин зарим иргэн зээлийн хүүг 3 хувь болгон бууруул гэсэн шаардлага тавьж байгаа нь боломжгүй зүйл гэдгийг тэмдэглээд, нэг талаа дэмжихийн тулд нөгөөгөө хохироож болохгүй. Энэ нь эргээд 30 жил босгосон банкны секторыг нураах эрсдэлтэй гэдгийг онцлов.


Манай улсад үйл ажиллагаа явуулж буй 12 арилжааны банкны 11 нь хувийн, нэг нь төрийн мэдлийн банк байгаа юм. 

 


Холбоотой мэдээ