Турк Хар тэнгист өөрийн “Газпром”-оо олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-24 15:48:48

МОСКВА. /Коммерсант/. Оросын “Газпром” компани гадны хамгийн том зах зээлүүдийн нэг болох Туркийг бүрэн алдаж болзошгүй байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд Оросоос нийлүүлдэг хийн импортын хэмжээгээ хоёр дахин бууруулсан Турк улс Хар тэнгист байгалийн хийн томоохон орд газрыг нээн илрүүлснээр алсдаа оросын түүхий эдээс бүрэн татгалзаж магадгүй байна. Тус орд газраас 2023 онд нийлүүлэлт хийж эхэлнэ гэж Туркийн эрх баригчид тооцоолж байгаа ч энэ төлөвлөгөө нь ойрын хугацаандаа хэрэгжихгүй бөгөөд эдийн засгийн хувьд ч тийм хурдан үр ашгаа өгөх боломжгүй гэж шинжээчид үзжээ. Нэгэнт энэ төлөвлөгөө хэрэгжихээс хойш ашиглалтанд ороод удаагүй байгаа “Туркийн урсгалаар” Европ руу цаашид дахин яаж хий нийлүүлэхээ “Газпром” компани бодож эхэлбэл зохистой. 


Турк улс Хар тэнгист 320 тэрбум шоо метр нөөц бүхий түүхэндээ хамгийн том орд газрыг нээн илрүүлсэн тухай тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өмнө нь мэдэгдсэн. “Энэхүү орд газар нь манай улсад эрчим хүчний хараат бус байдлын үүднээс маш чухал ач холбогдолтой юм” хэмээн тэрбээр хэлжээ. Харин Туркийн Сангийн сайд Берат Албайрак хэлэхдээ, Хар тэнгист өөрсдийн нөөцийг олж илрүүлсэн нь төсвийн алдагдал гэгчийг мартуулж, улс орныг эдийн засгийн нэмэгдсэн үзүүлэлтүүдэд шилжин ороход туслах юм гэжээ.


Т.Эрдоганы ярьснаар, тус орд газраас дотоодын зах зээлд хийх нийлүүлэлтийг 2023 онд эхлүүлэх аж. Хийн нөөцийг 7 дугаар сарын 20-ноос хойш хайгуул хийж байсан “Фатих” өрөмдлөгийн хөлөг онгоц илрүүлжээ.


Энэ орд газрыг илрүүлсэн бүс нутагт өөр бусад хийн орд байх магадлал өндөр юм гэж Т.Эрдоган үзэж байна. Тийнхүү Турк улс Хар тэнгист хайгуулаа үргэлжлүүлэхийг зорьж байна.  


Одоогоор Турк улс 45 тэрбум шоо метр хийн хэрэглээтэйгээр хийн импортоос бүрэн хамааралтай байна. Өнгөрсөн оныг хүртэл Туркд хамгийн том түүхий эд нийлүүлэгч нь Орос байсан. “Цэнхэр урсгал” хийн хоолойгоор (жилд 16 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай) болон 2020 оны эхээр ашиглалтанд орсон “Туркийн урсгал”-аар (жилд 31.5 тэрбум шоо метрийн хүчин чадалтай) хийж байсан нийлүүлэлтийн тал нь Туркийн зах зээлд очдог бол хагас нь Европын өмнөд хэсэгт хийгддэг байна. Үүнд “Газпром” хамгийн багаар тооцоход 10 гаруй тэрбум ам.долларыг зарцуулжээ. Үүнээс гадна “Цэнхэр урсгал”-аар нийлүүлэлт хийхдээ экспортын татварын 30 хувийг төлдөггүй байна.


Эхэндээ өмнөд маршрутаар Туркийн зах зээлд хоёр дахин их хийг нийлүүлнэ гэж төлөвлөж байжээ. “Газпром” компани 2012 онд 16 тэрбум еврогийн өртгөөр “Өмнөд урсгал” хий дамжуулах хоолойг барьж эхлээд байсан хэдий ч Европын комиссын шахалтаар 2014 оны эцэс гэхэд үүнээсээ татгалзаж, барилгын ажлаа зогсоосон байна. Үүний хажуугаар Орос, Турк “Цэнхэр урсгал”-ыг өргөжүүлэх боломжийг авч хэлэлцсэн хэдий ч тэр төсөл нь хэрэгжээгүй аж. Харин Турк “Туркийн урсгал” ашиглалтанд орохоос өмнөхөн оросоос авдаг хийн хэрэглээгээ бууруулж эхэлжээ.


Оросоос Туркт нийлүүлдэг хийн экспортын хэмжээ 2017 онд 30 тэрбум шоо метрт хүрснээр хамгийн дээд цэгтээ хүрч байжээ. Турк “Газпром”-ын хамгийн том хэрэглэгчдийн нэг байсан бөгөөд энэ үзүүлэлтээр Германы араас хоёрдугаарт жагсдаг байсан аж. Гэсэн ч 2019 онд турк худалдан авалтаа 35 хувиар бууруулснаар, хийн нийлүүлэлт 15.5 тэрбум шоо метрт хүрч буурсан байна. Харин 2020 оны эхний хагас жилд Оросын хийн эрэлт нь 1.7 дахин багасаж, 4.7 тэрбум шоо метр болж буурсан байна. Турк шингэрүүлсэн шатдаг хийн худалдан авалтаас гадна Азербайжанаас хоолойгоор авдаг түүхий эдээ нэмэгдүүлжээ,


Нөөцийг нь үнэлсэн байдлаас харахад энэхүү орд газар нь нэлээд том нь үнэн бөгөөд онолын хувьд Турк хийн импортын хэмжээгээ мэдэгдэхүйц бууруулах боломжтой юм хэмээн “Fitch” компанийн захирал Дмитрий Маринченко цохон тэмдэглэв. Ингэсэн тохиолдолд Оросоос авах худалдан авалтын хэмжээ нь тэг болтлоо унах боломжтой юм хэмээн тэрбээр үзэж байна.


“Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг үнэлэх ажил хараахан хийгдээгүй байгаа бөгөөд ашиг олох тухай ярихад эрт байна. Гэхдээ өөрсдийн нөөцөө боловсруулснаар дотоодын  хэрэглэгчиддээ зориулж хийн үнээ бууруулах боломжтойгоос гадна худалдааны тэнцэл, үндэсний валютын тогтвортой байдалд эерэгээр нөлөөлөх нь тодорхой юм. Энэ утгаараа Оросын хувьд “Туркийн урсгал”-аас хий авах боломжтой хийн дэд бүтцүүдийг Европт барих нь илүү чухал юм” гэдгийг тэрбээр мөн цохон дурджээ.


Энэ талаар “Газпром” компани тайлбар өгөөгүй байна. Гэсэн ч нэгэн эх сурвалж мэдэгдэхдээ, “Туркийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа. Үүнээс гадна Турк нөөцөө эдийн засгийн хувьд үр ашигтай байдлаар олборлох хэрэгтэй. Иймд “Газпром” энэ асуудлаас эмээхэд арай эрт байна” гэжээ.  


Харин “VYGON Consulting” компанийн зөвлөх  Екатерина Колбикова үүнтэй холбогдуулан тайлбар өгөхдөө, орд газрыг Туркийн засгийн газар гурав хүрэхгүй жилийн дотор ашиглалтанд оруулахыг зорьж байгаа нь хэтэрхий ихийг санаад байгаа мэт сонсогдож байна. "Олборлолтынхоо хэмжээгээр тэргүүлэгчид тооцогддог Норвегт хүртэл хийн орд газраа нээхээс ашиг орлого олж эхлэх хүртэл дунджаар15 жилийн хугацаа шаардагдсан бол Хар тэнгист болон Сахалин дахь орд газрын хувьд 18 болон 24 жил тус бүр шаардагдана” хэмээн тэрбээр ярьсан байна. 

Холбоотой мэдээ