Хүүхэд харах үйлчилгээний төвийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-08-27 13:06:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Баянзүрх дүүргийн 82 дугаар цэцэрлэг болон “Саруулхан”, “Нар” хүүхэд харах үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Тэрбээр Улсын онцгой комиссын даргын албан даалгавар, Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай таван сайдын хамтарсан тушаалын хэрэгжилт орон нутаг, сургалтын байгууллагад ямар байгаатай танилцсан юм.

 

82 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч энэ хичээлийн жилд 16 дугаар хорооны 3-5 настай 504 хүүхдийг хамран сургахаар бүртгэж, бэлтгэлээ хангасан гэж ярилаа. Таван настнуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулахын тулд өөрийн анги, танхимын боломжоос давсан хүүхдүүдээ төрийн бус өмчийн ойролцоох цэцэрлэгүүдэд шилжүүлэн сургах зохион байгуулалтыг хийсэн гэдгээ танилцуулав.

 

Сайд Л.Цэдэвсүрэн энэ хичээлийн жил “СОVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед эхлэх учраас ариутгал, цэвэрлэгээгээ тогтмол хийж, дархлаа дэмжсэн хоол, хүнс сонгож, эцэг эхтэйгээ ойлголцож ажиллахыг зөвлөв. Улсын төсвийн зардлаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэхийн зэрэгцээ кварцын гэрэл, халуун хэмжигч олгоно, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж, тэднээс дэмжлэг авч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.

Дараа нь Баянзүрх дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг “Саруулхан”, “Нар” төвийн байраар орж, орчин нөхцөлтэй нь танилцаж, хүүхэд харагчдын санал бодлыг сонсов.

Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйлчилгээг үзүүлээд эцэг эхэд нь хүлээлгэн өгдөг Хүүхэд харах үйлчилгээний төв Баянзүрх дүүргийн хувьд 50 гаруй байдаг байна.

Хүүхэд харах төвүүд ажиллах журам, стандартын дагуу бэлтгэлээ хангаж байгаа тухайгаа танилцуулж, цаашид боловсролын мэргэжлийн нэг хүн хамт ажиллавал бага насны хүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн боловсрол олгох, үйлчилгээний чанарыг сайжруулах боломжтой гэдэг саналыг илэрхийлж байв.

Сайд Л.Цэдэвсүрэн Хүүхэд харах төвүүд хэдийгээр боловсролын үйлчилгээ үзүүлдэггүй ч бага насны хүүхдийг хамгаалах, эрүүл мэнд, хөгжлийг дэмжих, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлж байгаад нь талархал илэрхийлээд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлнэ гэлээ.



 

Холбоотой мэдээ