Зөрчил илэрсэн сургууль, цэцэрлэгүүдэд мэдэгдэл хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-08-27 15:41:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулж буй урьдчилан сэргийлэх шалгалтад өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 41 боловсрол сургалтын байгууллага хамрагджээ.

Шалгалтаар 29 дүгээр сургуулийн дотуур байрны нэгдүгээр давхарт Боловсролын судалгааны хүрээлэн үйл ажиллагаа явуулж байгаа нь байгууллагын барилга байгууламж зориулалтын дагуу ашиглагдахгүй, дотуур байрны хүүхдүүд зоорийн давхрын хаалгаар ордог, шаардлагатай өрөө тасалгаа хүрэлцээгүй, халуун усны газар зориулалтын бус газарт ажиллаж барилгад муугаар нөлөөлөх, чийгтэх, хөгц мөөгөнцөр үүсгэсэн зэрэг эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй зэрэг зөрчил илэрчээ.

Иймд холбогдох байгууллагуудад Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь заалт /Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана/-ыг хэрэгжүүлж ажиллахыг албан бичгээр мэдэгдээд байна.

Мөн тус дүүргийн 51 дүгээр цэцэрлэг, 35 дугаар сургуулийн гадна орчинд нийтийн эзэмшлийн бохирын шугам тавьж, орц, гарцыг хаасан, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээ тавиагүй, ажлын гүйцэтгэл удаашралтай байгааг Сүхбаатар дүүргийн тамгын газар, сургууль цэцэрлэгийн удирдлага, гүйцэтгэгч компанид албан бичгээр мэдэгджээ.

Түүнчлэн 58 дугаар сургуулийн урлаг заалны дээврээс ус дусаал гоожсон, чийгтэй, хичээллэх боломжгүй байна. 2019 онд дээврийн засвар ажлыг гүйцэтгэсэн Платинум өргөө констракшн ХХК-д хугацаатай үүрэг даалгавар өгч, засварын ажлыг эхлүүлжээ.

51 дүгээр цэцэрлэгийн урлаг заалны дээврээс ус гоожин, хичээллэх боломжгүй байгааг Сүхбаатар дүүргийн тамгын газрын шуурхай хуралд танилцуулснаар 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрүүлж, засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавьжээ.

Урьдчилан сэргийлэх шалгалт үргэлжилж байгаа аж.


Холбоотой мэдээ