Обрушанский Борбала Дархан-Уул аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг хамаарагч хатагтай Обрушанский Борбала тус аймагт ажиллаж байна. Тэрээр Монгол, Унгарын дипломат
харилцааны 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан харилцаа, хамтын ажиллагааг
идэвхжүүлэх зорилгоор Дархан хотноо ажиллаж байгаа хэмээн аймгийн Засаг дарга
С.Насанбаттай хийсэн уулзалтын эхэнд онцлон хэллээ.
Манай аймгийн хувьд Унгарын Капошвар
хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай ажилладаг аж. Иймд хоёр хотын хамтын ажиллагааг
шинэ шатанд гаргаж ажиллах шаардлагатай байна. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн
салбарт илүүтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа аймгийн Засаг дарга
С.Насанбат илэрхийллээ.
Мөн манай аймагт хэрэгжүүлж буй
“Цэвэр бохир усны менежмент” төслийн хүрээнд “Дархан-Ус суваг”
ХК-ийн удирдлагуудтай, Хог боловсруулах үйлдвэр, Дархан арьс ширний
цогцолбор, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих зэрэг хөтөлбөр төслүүдийн явц, хэрэгжилттэй танилцаж холбогдох мэргэжилтнүүдээс мэдээлэл сонсох уулзалт хийв.
Уулзалтаас гадна Дархан арьс ширний
цогцолборын барилга угсралтын явцтай газар дээр нь танилцлаа.
Ташрамд, 1972 оны 2 дугаар сарын 17-ны өдөр
Дархан хот, Унгарын Капошвар хотуудын хооронд шууд харилцаа тогтоох хамтын
ажиллагааны анхны хэлэлцээрт гарын үсэг зурж байсан түүхтэй аж. Улмаар 1993 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Унгар улсын Капошвар хотын шууд харилцаа,
хамтын ажиллагааны гэрээнд тодотгол хийж байсан аж.



