Ч.Даваасүрэн: “Эхийн алдар” одон гардуулах ёслол өндөр зохион байгуулалтай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд Хан-Уул дүүрэг болон Налайх, Багануур, Багахангай дүүргийн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулснаар нийслэлийн төв талбай хөл хөдөлгөөн ихтэй байна.
Төрийн одон хүртсэн эхчүүдийн нэгтэй уулзаж баяр, хүргэн сэтгэгдлийг авсан юм. ХУД-ийн 18 дугаар хорооны иргэн, СЭЗДС-ийн хэрэглээний математик, статистикийн тэнхмийн багш Чулуунбаатарын Даваасүрэн: Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Эхийн алдар” одон цуг хүртсэн эхчүүддээ халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөе. Төрийн ордонд 2 дахь удаагаа орж одон хүртэж байгаадаа туйлын баяртай байна. “Эхийн алдар” одон гардуулах ёслол өндөр зохион байгуулалтай байдгийг харж бахархлаа, төр засгийнхаа хайр халамжийг хүртэж байгаадаа ихэд сэтгэл догдолж баярлалаа. Би 13-2 насны 4 хүүхэдтэй. Юуны өмнө хайрт ханьдаа болон үргэлж дэргэд тулж түшиж байдаг аав, ээж, ах, эгч, дүү, үр хүүхдүүд, найз нөхөд, СЭЗДС-ийн хамт олондоо маш баярлалаа гэж онцлон хэлэх байна. Монгол үр сад маш олон болтугай.
Мөн энэ үеэр “Эхийн алдар”
одон хүртсэн Ч.Даваасүрэнгийн багш СЭЗДС-ийн хэрэглээний математик,
статистикийн тэнхимийн профессор, доктор Ч.Наранчимэгийн сэтгэгдлийг хуваалцав.
"Энэ ташрамд, өөрийн шавь,
багш Ч.Даваасүрэнд болон гэр бүл, 4 хүүхдэд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг ерөөж байна. Ийм сайхан дурсамжтай, баярт үйл явдалд оролцож байгаадаа баяртай
байна. Манай Ч.Даваасүрэн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ эрхэлсэн ажилдаа тун хариуцлагатай ханддаг,
хөдөлмөрч, оюунлаг, манлайлагч эмэгтэй. Түүний
ханийг Б.Гариг гэдэг. Гаригийн маань гэр бүл улам өнөр өтгөн аз жаргалаар
дүүрэн байж, Монголын үр сад маш олон болоосой гэж багшийн хувьд хүсэн ерөөе" гэлээ.