Өвөр Монголчууд сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэв

Дэлхийд | Боловсрол
khulan@montsame.gov.mn
2020-08-31 14:47:19

БЭЭЖИН. /Radio Free Asia/. БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах орны эцэг эхчүүд эрх баригч Коммунист намыг сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн хүүхдүүдээ энэ семестерт сургууль руу нь явуулахаас татгалзаж байна.


Өвөр Монголын боловсролын хэлтсээс саяхан Монгол хэлийг бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад заах, монгол хэлээр хичээл заах, материал тараахыг зогсоож, хятад хэлээр сургалт явуулах чиглэл өгсөн гэж тус бүс нутгийн багш нар “Radio Free Asia” корпорацид мэдээлжээ.


Уг шийдвэрээс улбаалан Тунляо хотын эцэг эхчүүд эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Нийгмийн сүлжээнд цацагдсан гэрэл зургуудаас үзэхэд, эцэг эхчүүд уриа лоозон барин хотын гудамж, талбайд зогссон байжээ.


Нэгэн лоозонд, Өвөр Монголд монгол хэл сурахыг хориглох нь Хятадын Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн бичсэн байжээ. Мөн “монголчууд монгол хэл сурах салшгүй эрхтэй” хэмээн өөр нэгэн лоозонд тэмдэглэсэн байна.


Хүүхдүүдээ элсүүлэхээс татгалзсан нь

Өвөр Монголчуудын эрхийг хамгаалагч идэвхтэн Хубисын мэдээлснээр, Тунляо хотын монгол хэлний сургалттай нэгэн сургуулийн сурагчдын эцэг эхчүүд эсэргүүцлээ илэрхийлж, хүүхдүүдээ сургуульд элсүүлэхээс татгалзсан байна.


Наймдугаар сарын 27-нд Тунляо хотын “Зарууд” сургуулийн монгол сурагчдын эцэг эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлэхээр яваагүй” гэж Хубис мэдээлжээ. “Би сургууль дээр очсон боловч хүүхдээ элсүүлээгүй” гэж тэрбээр хэлжээ.


Үүнтэй холбогдуулан “Зарууд” бага сургууль эцэг эхчүүдэд баасан гарагт мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд үүнд “Хүүхдүүдээ элсүүлэхээс татгалзсан эцэг эхчүүд хүүхдүүдээ өмнө нь бүртгүүлсэн сургуульдаа явуулах шаардлагатай болно” гэж тэмдэглэсэн байсан гэж Хубис мэдээлсэн байна.


Тунляо хотын Боловсролын хэлтсээс эцэг эхчүүдэд хандан, сургуулиуд наймдугаар сарын 27-ноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн тул хүүхдүүдээ элсүүлэхээс татгалзаж буй эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ суурь боловсрол эзэмших боломжийг хойшлуулж байна гэж мэдэгджээ.


Хурцадмал байдал даамжирч байна

Монгол улстай залгаа хилийн ойролцоо оршдог Шилийн гол аймгийн оршин суугч Хасчуулын мэдээлснээр, өөрийнх нь амьдардаг Шулуун Хөх хошуунд ч мөн ижил эсэргүүцэл өрнөж байгаа ажээ.


“Тэд өмнө нь бага сургуулийн гуравдугаар анги хүртэл бидэнд хятад хэл заадаггүй байсан боловч одоо нэгдүгээр ангиас эхлэн заах болоод байна” гэж Хасчуул “Radio Free Asia”-д баасан гарагт мэдээлжээ.


“Мөн хичээлийг хятад хэлээр зааж, монгол хэл дагалдах хичээл болно. Энэ нь бидний монгол хэл аажмаар үгүй болно гэсэн үг. Ийм учраас бид эсэргүүцэж байгаа юм” гэж тэрбээр хэлсэн байна.


Шулуун хөх хошууны сургуульд багшилж байсан, одоогоор АНУ-д амьдарч буй Номингийн хэлснээр, багш нар ч мөн уг кампанит ажилд нэгдэж байгаа бөгөөд эрх баригч Хятадын Коммунист намаас бодлогоо өөрчлөхийг хүссэн өргөх бичигт гарын үсэг зурж байгаа ажээ.


“Хүмүүс маш ууртай байгаа бөгөөд хурцадмал байдал улам даамжирч байна. Тэд хэрэв хятад хэл сурахгүй бол ирээдүйд их сургуульд элсэж чадахгүй гэж багш нар, эцэг эхчүүдэд шахалт үзүүлт, сурагчдыг заналхийлж байна” гэж Номин хэлжээ.


Хэлний шинэ бодлогыг эсэргүүцсэн жагсаалыг есдүгээр сарын 1-нд Өвөр Монголын нийслэл Хөх хот болон Баотоу, Ухай, Тунляо, Хайлар хотод өрнүүлэхийг нийгмийн сүлжээгээр уриалж байгаа ажээ.


Эсэргүүцэгчдийн хэлж буйгаар, эрх баригчдын танилцуулж буй “хоёр хэлний боловсрол” хэмээх шинэ бодлого нь Үндсэн хууль, бүс нутгийн угсаатны бие даасан байдлын тухай хуулийг зөрчиж байгаа ажээ.


Эцэг эхчүүд холбогдох албаны төлөөлөгчидтэй өрнүүлсэн яриагаа нийгмийн сүлжээндээ нийтэлсэн бөгөөд үүнд ийм бодлогын баримт бичиг байхгүй, сургууль хичээллэж эхлээгүй байгаа тул эцэг эхчүүд эрт уур бухимдлаа илэрхийлж байна хэмээн бичсэн байна.


Гэсэн хэдий ч бүс нутгийн боловсролын хэлтсийн цахим хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд, “олон нийт эсэргүүцлээ хүчтэй илэрхийлж, олон улсын анхаарлын төвд ороод буй энэ үед шинэ бодлогын талаар мэдээлэл авах хүсэлт гаргасан" гэж тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ