“Олон улсын музейн өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-18 09:15:33

Олон улсын музейн холбооны санаачлагаар 1978 оноос тэмдэглэж эхэлсэн “Олон улсын музейн өдөр” өнөөдөр тохиож байна.

Анх 1977 онд Москвад болсон Олон улсын музейн зөвлөлийн ХI ерөнхий бага хурлаар жил бүрийн тавдугаар сарын 18-ныг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарчээ. Олон улсын музейн зөвлөл нь музейн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ хандлага, хөгжлийг дэмжих зорилготой ЮНЕСКО-гийн салбар байгууллага юм.

1978 онд тус зөвлөлийн гишүүн 150 орон анх удаа “Олон Улсын музейн өдөр”-ийг тэмдэглэсэн байна. Манай улсын хувьд 2003 оноос  энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил “Музей ба соёлын өвийн дургсалт газар” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Уг өдрийг тохиолдуулан 11.00 цагт Монголын Үндэсний музейд олон нийтэд зориулсан лекц зохион байгуулж, “Олон улсын музейн өдөр”-ийн тухай танилцуулга хийх аж. Мөн үеэр түүхийн ухааны эрдэмтнүүд “Ноён уулын дурсгал” сэдэвт “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” зэрэг сэдвээр илтгэл тавих аж

Түүнчлэн өнөөдөр 11.00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд Дэлхийн музейн өдөрт зориулан “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол, Улаанбаатар хотын музейд “Социалист Улаанбаатар” сэдэвт музейн сан хөмрөгийн сэдэвчилсэн үзэсгэлэнгийн нээлт болох юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ