Хэлний бодлогын үндэсний зөвлөл МҮОНРТ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-09-01 18:25:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Eрөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл МҮОНРТ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Уг санамж бичигт Монгол Улсын Eрөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дулам, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл нар өнөөдөр гарын үсэг зурав.


Санамж бичгийн хүрээнд, монгол хэлний аялгуу угсаатны бүлгийн хэв шинжийг харуулсан танин мэдэхүйн болон Монголын аман зохиолын өв сангаас хүүхэд залуучуудад зориулсан нэвтрүүлгүүд хийх, монгол бичгийн хэрэглээг дотоод гадаадад сурталчлан таниулах, цахим мэдээллийг монгол бичиг болон кириллээр зөв бичих, нийтийн эх хэл, соёлын өвийн боловсролыг сайжруулах зорилгоор аян өрнүүлэх, яриа болон бичвэр таних программыг радио телевизэд нэвтрүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.



Энэ үеэр доктор С.Дулам: “Нийгэмд тулгамдаад байгаа зөв бичих дүрмийн журамлах толь гарснаар олон нийтийн дунд зөв бичих мэдлэг нэлээд цэгцэрсэн боловч олон нийтийн /сошиал/ сүлжээнд ялгаатай бичсээр байна. Уг толь бичгийн дагуу телевизийн нэвтрүүлэгт гарч буй буруу, зөрүү бичвэрүүдийг журамлах талаар бид санал бодлоо нэгтгэж хамтран ажиллах төлөвлөгөөг өнөөдөр албан ёсоор ажил хэрэг болголоо. Үндэсний телевиз өнөөдрөөс монгол хэлний тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөр бидэнтэй санал нэгдлээ” хэмээн онцлов.



 МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл: “Энэхүү санамж бичгийн хүрээнд “Өнөөдрөөс радио телевизийн ажилчдыг монгол бичгээр цахим орчинд бичиж хэвшүүлэн, дагаж мөрдүүлэх ажлыг эхлүүлнэ” гэлээ.

                                                                                                                                   

                                                                                                                                                                                        Э.Ариунзул

Холбоотой мэдээ