БНХАУ-д монгол хэлний хязгаарлалттай холбоотой жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-09-02 12:23:34

БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголчууд монгол хэлний сургалтыг хятад хэлээр орлуулах арга хэмжээнүүдийг эсэргүүцэн жагсаал цуглаан өрнүүлжээ. Тэд ийнхүү жагсаж буй нь маш ховор үзэгдэл юм.


Мягмар гарагт хичээлийн шинэ жил эхэлсэнтэй зэрэгцэн зарим эцэг эх эрх баригчдын бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, хүүхдүүдээ сургуульд нь явуулаагүй байна. Шинэ дүрэм журмуудын дагуу Өвөр Монгол хүүхдүүдэд заадаг гол гурван хичээлийг аажмаар Хятадын албан ёсны хэл болох мандаринаар заахаар болжээ.


Өвөр Монголын олон оршин суугчийн хувьд уг шийдвэрийг соёлын онцлогт аюул занал учруулна хэмээн үзэж байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд хэд хэдэн хотод сурагчид, эцэг эхчүүд эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн байна.


“Бидний хэл бол Монгол, бидний эх нутаг үүрд Монгол байх болно. Бидний эх хэл бол Монгол, бид эх хэлнийхээ төлөө амиа өгнө” гэж сурагчид саяхан болсон жагсаалын үеэр хашхирч байсан гэж АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг “Radio Free Asia” цахим хуудас мэдээлжээ.


Мөн уг шийдвэрийг эсэргүүцсэн өргөх бичигт хурууны хээ, гарын үсгээ зурж буй гэрэл зургууд нийгмийн сүлжээнд цацагдаж байна.


Хүмүүс яагаад жагсаж байна вэ?

Шинэ бодлогын дагуу энэ сараас Өвөр Монголын өөртөө засах орон даяарх сургуулиуд улс төр, түүх, хэл-уран зохиолын хичээлийг заах хэлийг аажмаар монгол хэлнээс мандарин руу шилжүүлэхээр болжээ.


Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төв хэмээх Нью-Йорк хотод төвтэй идэвхтнүүдийн бүлгийн мэдээлснээр, олон эцэг эх хичээлийн шинэ жил эхлэх гэж буй үед шинэ бодлогын талаар сонссон даруйдаа дургүйцлээ илэрхийлж эхэлсэн байна.


Нэгэн дотуур байртай сургуульд томоохон сөргөлдөөн үүссэн бөгөөд олон зуун эцэг эх хүүхдүүдээ эргүүлэн авах шаардлага гаргажээ.


“Тухайн явдал болсон газарт олон зуун цагдаа ирж, эцэг эхчүүдийг сургууль руу нэвтрэхээс сэргийлсэн. Сөргөлдөөн олон цаг үргэлжилсний эцэст эцэг эхчүүд цагдаа нарын хамгаалалтыг сэтэлж, хүүхдүүдээ авсан” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэв.


Түүнчлэн эрх баригчид Өвөр Монголын оршин суугчдад нийгмийн сүлжээнд мэдээлэл цацахгүй байхыг анхааруулсан бөгөөд “Twitter”-тэй төстэй Хятадын платформ болох “Weibo”-д тавигдсан энэ талаарх нийтлэлүүд устгагдсан байна.


Гэвч шинэ чиглэлтэй холбоотой асуудлууд улам даамжирсаар байгаа бөгөөд зарим эцэг эх хүүхдүүдээ гэрээс гаргахгүй байгаа аж.


"Ердийн үед сургуульд 1000 орчим сурагч бүртгүүлдэг бол энэ улиралд дөнгөж 40 орчим хүүхэд бүртгүүлээд байна" гэж Найман тойргийн нэгэн сургуулийн ажилтан мягмар гарагт “BBC” сувагт мэдээлжээ. Түүнчлэн бүртгүүлсэн зарим сурагчийн эцэг эх бодлоо өөрчилснөөр 10 гаруй хүүхэд л үлдсэн байна.


Багш нар сурагчдын гэрт нь очиж, хүүхдүүдээ сургуульд нь явуулахыг эцэг эхчүүдээс ятгаж байгаа боловч тэд хэлийг өөрчлөх шийдвэр эх хэлнийх нь ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.


Монгол, Оростой хиллэдэг алслагдсан бэлчээрийн бүс нутагт өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөн нь маш ховор үзэгдэл юм.


“Хүүхдүүд маань эх хэлээрээ чөлөөтэй ярьж чадахаа болих вий гэдэгт маш их санаа зовниж байна” гэж Шилийн гол аймгийн 32 настай малчин Хү “AFP” агентлагт мэдээлжээ. Түүний хэлснээр, Өвөр Монголын бараг бүх оршин суугч сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа ажээ.


БНХАУ шинэ бодлогыг яагаад боловсруулсан бэ?

Шүүмжлэгчдийн үзэж буйгаар, Хятадын Засгийн газар лалын шашинт Уйгаруудтай холбоотой асуудлаар олон улсын хүчтэй шүүмжлэлд өртөж буйгаа үл харгалзан үндэстний цөөнхийг уусгах ажиллагаагаа түргэвчилж байгааг энэ явдал харуулжээ.


Шинэ бодлогыг олон нийт таагүй хүлээн авч байгаатай холбоотойгоор баасан гарагт гаргасан мэдэгдэлд Өвөр Монголын бүс нутгийн засаг захиргаа, “үндэстний цөөнхүүд амьдардаг бүс нутагт үндэсний хэлийг бэхжүүлэх нь чухал" гэж онцолсон байжээ.


Шинэ чиглэлтэй холбогдуулан хөрш Монгол Улсын нийслэлд ч мөн жагсаал болсон бол зарим цөллөгдсөн хүмүүс бүс нутгийнхаа төлөө санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. 


Өвөр Монголын Ардын намын /цөллөгдсөн бүлэг/ дарга Тэмцилтү Шобцоод Германаас “BBC” сувагт мэдээлэхдээ, монгол хэлийг “нухчин дарахыг оролдож байна” хэмээн Хятад улсыг буруутгажээ.


“Дэлхий дахин хүний эрхийн талаар хэлэлцсээр байгаа боловч бид нүдэнд нь өртөхгүй байна” хэмээн тэрбээр хэлээд, Өвөр Монгол дахь цөөнхүүдэд мандарин хэл, Хан угсаатны соёлыг тулгах нь “соёлын геноцид”-ын нэгэн хэлбэр юм гэдгийг онцолсон байна. 

Холбоотой мэдээ