Улаан-Үд хот утаанд автжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-18 13:01:26

Улаан-Үд. /ТASS/. Буриадын нийслэл Улаан-Үд хот бүхэлдээ ойн түймрийн утаанд бүрхэгджээ. Өнөөдөр тус бүгд найрамдах улсын Ойн аж ахуйн газраас мэдээлснийг үзвэл, Прибайкальскийн районд дэгдсэн түймрийн утаа хотод орж ирсэн  байна.

18-ны өдрийн өглөөний байдлаар Буриадын нутаг дэвсгэрт 18 мянган га талбайг хамарсан 28 гал түймрийн голомт асч байгаа тухай тус газрын мэдээлэлд дурджээ. Баргузин, Баунт, Еравнинск/Яруунын аймаг/, Кижингинск, Мухар шивэр, Прибайкальск, Курумканскийн районуудад түймэр ассаар байна.

Ойн аж ахуйн газрын мэдээллээр, өчигдөр агаараас 254 дээж, уснаас 150 дээж тус тус авч шинжлэхэд бохирдолд хүргэдэг бодисуудын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй бөгөөд ундны усны чанар эрүүл ахуйн нормд нийцэж байгаа аж.

Одоогийн байдлаар, 1200 гаруй хүн түймэр унтраахад дайчлагдан ажиллаж байна. Буриадад түймрийн аюултай улирал эхэлснээс хойших хугацаанд нийт 52 мянган га газрыг хамран ассан 223 ойн түймрийн голомт бүртгэгджээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ