Чойжин ламын сүм музейг 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулжээ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-09-04 17:08:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. М-Си-Эс группээс үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн тохижилтыг 1.1 тэрбум төгрөгөөр хоёр жилийн хугацаанд гүйцэтгэжээ.


Соёлын өвийн уг төсөлд 2019 оноос Монголын Урлагийн зөвлөл, БСШУСЯ-ны (хуучнаар) Соёл урлагийн бодлогын газар, Соёлын өвийн үндэсниий төв, дотоод гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөхүүд хамтран ажилласан байна.

Тус хөтөлбөрийн санхүүжилтээр Чойжин ламын сүмийн барилгын гэмтлийн судалгааг АНУ-ын дурсгалт уран барилгын шинжээч Стивен Келли 2019 онд хийж, Монголд анх удаа олон улсын стандартын дагуу түүх соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг 2020 онд боловсруулжээ.

Хөтөлбөр хээргжүүлснээс хойш нэг жилийн хугацаанд Чойжин ламын сүм, Богд хааны ордон музей, Занабазарын музей болон Амарбаясгалант хийд зэрэг долоон төсөлд 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон байна.


“Түүхээ хадгалж, хамгаалж хойч үедээ уламжлан үлдээх нь үндэсний дархлаа болон цааш хөгжих гол хүчин зүйл болно. Тиймээс энэхүү төслийг хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшил, ТББ-уудын хамтарсан үлгэр жишээ ажил боллоо. Цаашид хүүхэд, залуусыг өнгөрсөн үед бий болсон түүх, соёлоо үзэж танилцаж ойрхон байх нь хөгжлийн дархлаа болох тул идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн М-Си-Эс группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин онцоллоо.


Хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музей, Занабазарын музейн Augmented reality AR дижитал үзмэр бүтээж, ухаалаг нүдний шил болон Android, IOS таблетаар үзэх боломжтой болгож, ойр орчим 2 га газрыг тохижуулжээ. Тухайлбал, 3000 бут сөөг бүхий 8500 ам дөрвөлжин метр ногоон байгууламж, 1500 ам дөрвөлжин метр авто зогсоол, 1600 ам дөрвөлжин метр явган хүний чулуун замыг шинэчилж сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад, гадна орчны гэрэлтүүлэг зэргийг суурилуулсан байна.


Энэ талаар Чойжин ламын музейн захирал Д.Отгонсүрэн ярихдаа, “Өдгөө 112 жилийн түүхийг хадгалж байгаа тус музейд хосгүй үнэт 6000 гаруй үзмэр, таван дурсгалт барилга, 15 хүндэтгэлийн хаалга багтдаг хэдий ч музейд шаардлагатай сэргээн засварлалт, орчны тохижилтын хөрөнгө байдаггүй. Энэхүү асуудлыг “Өв эрдэнэ” төсөл шийдэж өгсөнд бид талархалтай байна. Төслийн хүрээнд Чойжин ламын музейн ойр орчим дахь хэлмэгдүүлэлтийн өмнөх барилгуудыг буцаан үзүүлэх зорилгоор архивын судалгаанд тулгуурлан гаргасан түүхэн зургаас сэдэвлэн “Дижитал” үзмэрийг үзэх боломжтой болсноороо онцлогтой” хэмээв.


АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески хэлэхдээ, “АНУ-ын Элчин сайдын яам, консулын газар жил бүр “Соёлын өвийг хамгаалах сан” төслийн уралдаан зарладаг. Энэ нь дан ганц ЭСЯ бус бүх АНУ-ыг төлөөлсөн хөтөлбөр юм. Энэхүү сангаас 200 мянган ам.долларыг Чойжин ламын сүм музейг хамгаалах ажилд зориулахаар баталсныг дуулгахад таатай байна. Монгол Улс бол хүчирхэг ардчилсан тогтолцоотой улс. Тиймдээ ч шашны эрх чөлөө, шашин шүтэх эрх, хүний эрхийг маш сайн дээдэлдэг улсын түүх соёлд тодорхой хувь нэмэр оруулсандаа бид талархаж байна” гэв.


АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжилт бүрдүүлэн Чойжин ламын музейн Ядам сүмийг барилгыг 2021-2022 онд Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран сэргээн засварлахаар төлөвлөжээ.


Ш.Мөнхбаяр

Холбоотой мэдээ